Нийтийн тээврийн салбарт үйлчилгээний чанар, автобусны хүрэлцээ зэрэг асуудлыг олон жил ярьж байгаа. Нийслэлээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд сүүлийн хоёр жилд нийт 224 автобус оруулж ирээд буй. Энэ онд багтаад хуучин автобуснуудыг үе шаттайгаар бүрэн шинэчлэх тухай ч ярих болсон. Тодруулбал, том оврын 600, дунд оврын 50, цахилгаан 160 автобусыг оруулж ирэхээр төлөвлөсөн билээ. Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор иж бүрэн үйлчилгээ бүхий автопаркийн барилгыг Хан-Уул дүүрэгт барихаар тендер зарласан. Үүнд 370 автобусны багтаамжтай, гадна болон дулаан зогсоол барина” гэж мэдэгдсэн юм. Өдгөө нийслэлийн нийтийн тээвэрт 107 чиглэлийн 996 автобус иргэдэд үйлчилдэг. Нийслэлийн өмчит “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн I, II баазын 150 гаруй автобус 30 гаруй чиглэлд явж байна. Үүний 60 нь хуучин. Тус байгууллагын автобуснуудын бараг 51 хувийг шинэчилсэн аж. “Зорчигч тээврийн нэгтгэл-3”-ын тухайд 47 цахилгаан автобустай аж. Иргэдэд үйлчилж байгаа шинэ автобусны чанар, үйлчилгээ болон жолооч, зорчигчдын хандлага хэр байгааг сурвалжиллаа.
ЭКО ГЭХ НОГООН АВТОБУСЫН НЭГ НЬ ӨНГӨӨ ӨӨРЧИЛЖЭЭ
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд ойрын үед төв замуудаар голдуу шинэ автобус иргэдэд үйлчилж байна. Дийлэнхдээ улаан өнгөтэй автобус зорчиж байгаа. Энэ нь нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу тогтоосон өнгө гэнэ. “Эко” гэх тодотголтой, ногоон өнгөтэй, давхар цахилгаан автобус харин бусдаасаа ялгарна. Улаанбаатар хотод давхар автобус байдгийн нэгийнх нь өнгийг өөрчилж, улаан болгожээ. Тухайн автобусны жолоочоос үүний учрыг лавлавал “Тав хоногийн өмнө манай баазаас сурталчилгааны ийм хуулга наасан. Английн консулын 65 жилийн ойн реклам гэж хэлсэн” гэж хариулав.
Нийтийн тээврийн чанар, хүртээмжийн талаар Таван шараас Биокомбинат хүрэх автобусанд бага насны хүүхдийнхээ хамт зорчиж буй эмэгтэй “Энэ автобус намхан шаттай болохоор хүүхдэд эвтэйхэн, суудал нь тухтай юм. Холын чиглэлд ийм автобус явуулж буйд баяртай байна. Ялангуяа сэрүүхэн, хүйтэн өдөр суухад бүр тухтай. Орж ирээд хурдан дулаацдаг. Цаашид хүйтэн, дуу чимээ болон утаа ихтэй автобуснуудаа бүгдийг нь актлаад, шинэчилбэл иргэд ч нийтийн тээврээр үйлчлүүлэх нь нэмэгдэнэ” гэлээ. Бусад зорчигч ч уг унаагаар үйлчлүүлэхдээ сэтгэл өндөр байгаа нь илт байв.
Өдрийн цагаар ачаалал харьцангуй бага болохоор уг чиглэлийн автобусны зарим суудал хоосон байлаа. Багтаамжийн хувьд 24 хүний суудалтай эл автобус зай муутай аж. Мэдээллийн самбарт зогсоолын нэр, хаяг нь тогтмол урсана. Жолооч “Бид нийслэлийн иргэдэд хамгийн түрүүнд үйлчилдэг. Байгууллагын нүүр царай болдог гэдэг үүднээс ажлаа чанартай хийхийг хичээдэг. Манай бааз сар бүр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн ёс зүйн талаар сургалт зохион байгуулдаг. Бид энэ өвлөөс дүрэмт хувцсаар жигдэрч эхэлсэн. Өвөл нь цэнхэр хүрэм, зун саарал хантааз өмсөхөөр тарааж өгсөн. Хувцсаа өмсөөгүй жолооч нарыг баазаас камераар хянаж, шаардлага тавьдаг болсон” гэлээ.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦСОН ЖОЛООЧОО ШАЛГАРУУЛДАГ
Нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахгүй байгаа талаар хаана хаанаа ярьдаг. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын I болон II бааз ажилчдаа хэрхэн чадавхжуулдаг талаар Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга Ч.Бат-Эрдэнэ “Нийтийн тээврийнхэн зорчигчийг аюулгүй тээвэрлэх үүрэгтэй. Манайх 70 жилийн түүхтэй байгууллага. Мэргэжлийн зөвлөх инженерүүдтэй, чадварлаг, туршлагатай хамт олон ажилладаг. Жолооч нарын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд байнга анхаардаг. Хяналтын камераар жолооч нараа хянаад, ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд арилгуулдаг. Ялангуяа“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, иргэдэд үйлчилж байгаа гэж боддог. Мөн баазаас хамгийн соёлтой үйлчилсэн жолоочийг шалгаруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах ажил санаачилсан. Технологийн хөгжил сайжирсан энэ үед явах эд анги, хөдөлгүүрийн багтаамж, техникийн талаасаа нийтийн тээврийн стандартад нийцсэн автобуснуудыг үе шаттай оруулж ирж байна. Парк шинэчилснээр зарим чиглэлд автобусны хүртээмж болон зорчих иргэний тоо ч нэмэгдсэн. Хамгийн хямдхан зах зээлтэй, манай улстай ойрхон учраас Хятадаас автобус худалдан авч буй. Цаашид Засгийн газраас цахилгаан автобус оруулж ирэх бодлого барьж байгаа. Манай бааз найман цахилгаан автобус, 32 троллейбустай. Бид шинэ троллейбус оруулж ирэх захиалга өгсөн. Учир нь цахилгааны зардал маш бага, хамгийн хэмнэлттэй, эко унаа” гэж ярилаа.
“ХАМГИЙН СҮҮЛД ОРУУЛЖ ИРСЭН НЬ НИЙТИЙН ТЭЭВЭРТ ТОХИРСОН УНАА”
Шинэ автобуснуудын ялгаа болон чанар, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хэрхэн хангасан талаар жолооч болон зорчигчдын байр суурийг сонирхлоо. Таван шар-Био комбинатын чиглэлд явж буй жолооч Б.Жавхлан “Миний хувьд хамгийн сүүлд орж ирсэн шинэ автобус үнэхээр таалагдаж байгаа. Нийтийн тээвэрт маш тохирсон унаа. Өвөл дулаахан. Зааландаа зургаан камертай, дуу хураагууртай. Бүрэн хяналтад байна гэсэн үг. Хоёр төрлийн халаагууртай. Хянах самбарт хөдөлгүүрийн эргэлт, тоормосны систем, түлшний зарцуулалт зэрэг таван төрлийн мэдээлэл тогтмол гардаг. Хот дотор явахад тохирсон хурдтай. 60 км/цагаас илүү гарахад хурд хэтрүүлсэн дохиолол дуугардаг юм. Тоормосны систем сайн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй бас сандалтай. Ард талдаа автомат гал унтраагчтай. Толины тусгал сайн, халаагууртай учир цантдаггүй. Харин гадна тал нь төмөр биш, хөнгөн материалаар хийсэн учраас бусад биеттэй мөргөлдөх үед хагарах магадлалтай гэж боддог. Гадна талаасаа л осол гаргахгүй яваад байвал олон жилийн баталгаатай. Харин заалны арын шат арай өндөр болохоор ахмад настан, бага насны хүүхэд унахаас сэргийлж, болгоомжтой явахыг сануулсан наалт байрлуулсан. Хятад автобус гэдэг талаас нь хараад, чанар муу гэж болохгүй. Жолооч хүн тээврийн хэрэгслээ эвдэхгүй, удаан уная гэвэл сэтгэлтэй, өөриймсөг байж засвар, үйлчилгээг стандартынх нь дагуу тогтмол хийлгэх нь чухал. Эдгээр автобус гэрээний дагуу хоёр жилийн баталгаатай гэсэн. Хятадаас мэргэжилтэн ирж, жолооч нартай саяхан уулзсан” гэв.
ЦЭНЭГ БҮТЭН ӨДӨРТӨӨ ХҮРЭЛЦДЭГ
Офицеруудын ордноос-Таван шарын чиглэлд явж буй давхар автобусны жолооч Ц.Батхишиг “Миний барьж буй автобус 100 хувь цахилгаанаар ажилладаг. Нийтийн тээвэрт явуулж эхэлснээс хойш бараг жил болж байна. Би “Зорчигч тээврийн нэгтгэл-3”-т харьяалагддаг. Өглөө дүүрэн цэнэгтэй гараад, одоо үдийн үед 76 хувьтай болсон байна. Нэг удаа дүүртэл цэнэглэхэд бүтэн өдөрт хүрэлцдэг. Харин өвлийн ид хүйтнээр цэнэг нь жаахан хурдан дуусах гээд байдаг. Жолоочийн хувьд бүхээгтээ маш тухтай. Дээд давхартаа 40, доороо 10-аад хүний суудалтай. Зорчигчид зааланд утсаа цэнэглэх боломжтой. Дээрээ найман халаагууртай. Манай автобусанд суух сонирхолтой хүн олон байдаг. Түлш ашигладаг автобусыг бодвол бараг 100 хувь хэмнэлттэй. Зөвхөн энэ чиглэлд ажлын өдрүүдэд 37 автобус үйлчилж байна. Нийт 39 буудалтай гэхэд автобусны хүртээмж их гэсэн үг. Цаашид эко автобусаа дэмжээд түлхүү оруулж ирээсэй. Чанарын хувьд ч сайн байгаа” гэв.
ТӨМӨР НУМТАЙ БОЛОХООР ЯВДАЛ НЬ ХАТУУ
МУИС-Улаан чулуутын чиглэлд явж буй жолооч М.Цэрэнбат “Энэ автобусыг өнгөрсөн жил оруулж ирсэн. Үйлдвэрлэсэн компани нь хоёр жилийн баталгаа өгсөн байдаг. Хятадын талаас засвар, үйлчилгээг нь хариуцдаг гэж сонссон. Энэ чиглэлд автобусны хүртээмж хангалттай. Иргэд энэ автобусыг дулаахан, шинэ гэдгээр нь суух дуртай. Парк шинэчлэлийн хүрээнд эхний ээлжид оруулж ирсэн 60 автобусны нэг нь энэ. Төмөр нумтай болохоор явдал нь хатуу, шил нь дан болохоор хүмүүс чанга хаах, цохиход хагарах вий гэж айдаг. Харин дараагийн ээлжид оруулж ирсэн нь алдаагаа засаад, арай сайжруулсан юм болов уу гэж бодсон. Жил болох хугацаанд миний тэргэнд кропны ган диск элэгдэж солигдсон. Мөн араа залгах хос тросс нь тасраад байгаа. Сэлбэг нь одоогоор байгаа. Гэсэн ч хоёр жилийн дараа сэлбэгийн нөөцгүй болж магадгүй л юм. Манай бааз тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон бусад асуудлаар сургалт байнга зохион байгуулдаг. Бид сургалтад тогтмол идэвхтэй оролцдог” гэв.