Улсын Их Хурлаас 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаарх танилцуулга, мэдээлэл хийх сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өчигдөр зохион байгуулав.
Сургалтад бүх яамдын хуулийн асуудал хариуцсан албан хаагч, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөл, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Отгонтэнгэр, Шихихутаг зэрэг хууль зүйн сургуулийн багш, судлаач, Монголын хуульчдын холбоо, Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монгол дахь Австралийн худалдааны танхим, Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын бизнесийн зөвлөл зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 35 байгууллагын 70 гаруй төлөөлөл хамрагдлаа.
Хуульд оруулсан гол өөрчлөлтийн нэг нь хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга хийх, дэлгэрэнгүй танилцуулгыг ийнхүү хуульчилснаар хууль хэрэглэх, хэрэгжүүлэх явцад тухайн зохицуулалттай холбоотой маргаантай буюу ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл хууль санаачлагч ямар агуулга, зорилгоор уг зохицуулалтыг хуульд тусгасан талаар дэлгэрэнгүй танилцуулгад тусгасан тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болох ач холбогдолтой юм.
Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, татвар зэрэг бизнесийн орчинд нөлөөлөх хууль тогтоомжийн төслийг санал авахаар 60-аас доошгүй хоногийн хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулах, ингэхдээ хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг англи хэл дээр орчуулж байршуулах, батлагдсан хууль тогтоомжийн орчуулгыг хийх зохицуулалтыг хуульчилсан. Ингэснээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулж, Улсын Их Хурлаас соёрхон баталсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн худалдаа, хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийг англи хэлээр хэвлэн нийтлэхээр заасан зохицуулалтын хэрэгжилтийг хангахын зэрэгцээ хуулийн орчуулгыг хийх нь бүхэлдээ судалгаа, шинжилгээний болон эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой гэж үзсэн болно.