“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн эхэллээ. Марафонд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-т гүйх юм. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамгийн анх 2014 онд 16.839 иргэн оролцож байсан бол 2015 онд 18.085, 2016 онд 25.000, 2017, 2018 онд 30.000-д хүрчээ. Мөн 2019 оноос нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 32.000 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан. Харин 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас марафон завсарлаж, өнгөрсөн 2022 онд 29 орны 23,690 хүн оролцсон юм.
Мөн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд хагас, бүтэн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрлийг нэмснээрээ онцлогтой.
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, энэ удаа 30 орны 20 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ.