Ховд аймагт зохион байгуулсан 61 дэх удаагийн эрэгтэйчүүдийн шатрын насанд хүрэгчдийн УАШТ-д “Элит брейн” клубийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер, 16 настай М.Амилал 11 өрөг тоглон, нэг ч хожигдолгүй 8.5 оноо авч, хамгийн залуу аваргаар тодорсон тухай бид мэдээлсэн. Түүний ард Өвөрхангай аймаг, “Их заргач” клубийн дасгалжуулагч, их мастер Г.Мөнхгал, Ховд аймаг, “Гэгээн арвай” клубийн тамирчин, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ нар II, III байрт жагслаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн тэмцээнээс мөн шинэ цолтон төрөв. Төв аймаг, “Хан-Алтай” клуб, 52 дугаар сургуулийн тамирчин, спортын дэд мастер, 15 настай Э.Хүслэн шатрын хөлөг дээр учраа таарсан шилдгүүдийг илүүрхэж тэргүүллээ. Тэрбээр хожлыг шийдэх сүүлийн тойргийн тоглолтод Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Амин-Эрдэнийг коэффицентийн давуугаар буулган авч, 7.5 оноогоор Монгол Улсын 26 дахь аварга болсон юм. Энэ удаа Говь-Алтай аймаг, “Босоо ноён” клубийн тоглогч, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан мөнгө, Завхан аймаг, “Гэгээн арвай” клубийн шатарчин, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Энхсаран хүрэл медаль хүртжээ. Энэ жилийн тэмцээнд их мастер цолтнууд бүдэрч, шинэ залуус анх удаа түрүүлсэн нь онцлог байлаа.