Хүүхэд, залууст экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол экологи төв” төрийн бус байгууллага Хөвсгөлийн болон Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран “Жим” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд жим замын зохистой төлөвлөлт, ач холбогдлыг сурталчлан таниулж, жишиг болохуйц ажлууд хийхээр төлөвлөсөн байна.
Дэлхийн орнууд дархан цаазат, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын бүсэд жим гаргахдаа маш нарийн төлөвлөдөг гэнэ. Энэ нь жуулчдын аюулгүй байдлыг хангаад зогсохгүй байгаль орчны сөрөг нөлөөллүүдийг хязгаарладаг аж. Тиймээс тусгай хамгаалалттай газрууд эл чиглэлд туршлагатай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг жишиг олон улсад дэлгэрчээ. Дээрх төвийнхөн Монголд анх удаа ийм хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан АНУ-ын “Earth island institute” байгууллагын боловсрол, танин мэдэхүй, эко аялал жуулчлалын мэргэжилтэн Ариадна Рэйда, Роберт Беркви нарыг эх орондоо урьж, Хөвсгөл нуур орчмын замын төлөвлөлттэй танилцуулжээ. Тэд Байгал нуураас эхлээд тусгай хамгаалалттай олон газарт стандартын жим байгуулсан туршлагатай мэргэжилтнүүд юм байна.