Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзжээ. Тэд манай улсад Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулах талаар санал солилцсон байна. Элчин сайд Аксель Никэйз Улаанбаатарт ийм төв байгуулах тухай ярихдаа Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Passive house” төсөлтэй адил хэлбэрээр хийх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлжээ. Уг төслийг саяхан нийслэлд болсон “Европын өдөрлөг”-ийн үеэр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс танилцуулсан аж.
Швейцарын иргэн Габриэлла Шмидт Корсито “Бидний байгуулах гэж буй Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв нь хотын төвөөс алслагдсан, эмзэг, зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүрч үйлчлэх нь чухал” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Тус төвийн газрын асуудлыг шийдвэрлэн, бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл