БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ оны тавдугаар сарын байдлаар тус яамныхан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 90 иргэн, аж ахуйн нэгжид 78.6 сая төгрөгийн торгууль ногдуулснаас 55.6, 20 иргэн, аж ахуйн нэгжид 59.5 сая төгрөгийн нөхөн төлбөр оноосноос25.3 саяыг нь төвлөрүүлээд буй гэнэ. Гомдол, мэдээллээс харахад хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан, ашигт малтмал хууль бусаар хайсан, мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн, дүгнэлт, гэрээгүй атлаа ус ашигласан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил зонхилж байгааг мэргэжилтнүүд дурдлаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд нийслэл, орон нутгийн хэмжээнд 42.9 сая мод тарихаар төлөвлөжээ. Урьдчилсан байдлаар энэ хавар дөрвөн мянган байгууллага, 25 мянган аж ахуйн нэгж 2.4 сая мод тарьсан гэсэн тооцоо гаргаад буй аж.
2023 он гарснаас хойш манай улсад 181 500 жуулчин иржээ. Энэ нь өдөрт дунджаар 1400-1500 гадаадын зорчигч ирсэнтэй дүйж буй үзүүлэлт гэнэ. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, шинэ маршрут нээхэд анхаарч буй бөгөөд “ThaiViet k way”, “JAL” авиа компани Монгол руу шууд нислэг үйлдэхэд бэлэн болсныг Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхан мэдээлэв.
2023 оныг “Монголд зочлох жил” болгож зарласантай холбогдуулан нийслэл, орон нутгийн хэмжээнд орчны бохирдол бууруулах их цэвэрлэгээ зохион байгуулжээ. Зөвхөн аялал жуулчлалын бүсэд хамаарах 46.4 га талбайг цэвэрлэж, 10.9 тонн хог түүсэн аж. Зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны 66 мянга гаруй сэг зэмийг зориулалтын дагуу булж, устгажээ. Тавдугаар сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд аялал жуулчлалын болон тусгай хамгаалалттай бүс дэх 1100 орчим нүхэн жорлонг буулгасан байна.