Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр НЗДТГ, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээ зохион байгуулах аж. Зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 11.00 цагаас үндэсний, харин 12.00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөртэй. Орой нь 18.00 цагаас урлагийн тоглолттой юм байна. Мөн спортын долоон төрлөөр тэмцээн зохион байгуулна. Нийслэлийн аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгөх аж.
Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн, Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төвд “Бүтээлч хүүхэд” өдөрлөг болно. Дүүрэг бүр нутаг дэвсгэртээ хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.
Зургадугаар сарын 1-нд Монголын хүүхдийн ордны уулзвараас “Шангри-Ла” хүртэл буюу Гэндэний, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас “Сэнтрал тауэр”-ын урд уулзвар хүртэл буюу Их сургуулийн, “Чингис хаан” музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл буюу Чингисийн, Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл буюу Жуулчны, “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл буюу Амарын гудамжинд 08.00-20.00 цагтзам хаана.
Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллах гэнэ. Хүүхэд төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвч тараана. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх ажил зохион байгуулах аж.