Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан ёслол, хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1948 оны тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд дэлхийн халуун цэгүүдэд 71 энхийг сахиулах ажиллагаа явагдсан бөгөөд зарим нь өнөөдөр ч үргэлжилж буй. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулсны 20 жилийн ойд зориулж ЗХЖШ-аас бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж, зэвсэг, техник, гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Энэ талаар ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад “Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэдэг болсон. Энхийг сахиулагчдынхаа алдар гавьяа, амжилт ололтыг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм. Өнгөрсөн 21 жилд давхардсан тоогоор 21 239 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд Хил хамгаалах байгууллага, ОБЕГ, Дотоодын цэрэг, цагдаа, тагнуул зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл хамтдаа үүргээ амжилттай гүйцэтгэсээр ирлээ. НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд 893 цэргийн алба хаагч одоо ч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа” гэсэн юм. Ийн өчигдөр болсон Олон улсын энхийг сахиулагчдын өдрөөр монгол цэргийн музейн эд өлгийн зүйлсийг дэлгэж, Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны ач холбогдол, үйл явдлыг олон нийтэд сурталчиллаа.