Хүн төрөлхтөн хотжилт, хэт төвлөрлөөс үүдэлтэй түмэн бэрхшээлд ээрүүлээд буй энэ цаг үед улс орнууд хүн амын суурьшлын төлөвлөлт, бодлогод онцгой анхаарч байна. Өдгөө дэлхийн хүн амын 55 хувь нь хот суурин газарт амьдарч буй бол 2030 он гэхэд 70 хувьд хүрэх тооцоо бий. Тэр үед одоогийнхоос ч илүү асуудлууд тулгарах учраас ийнхүү эртнээс санаагаа чилээж, анхаарч буй хэрэг. Улс орнууд шинэ суурьшлын бүс бий болгох, хуучин суурингуудын төлөвлөлт, зохион байгуулалтыг боломжит хэмжээнд сайжруулах, хүн амын өсөлтийг урт хугацаанд тэнцвэртэй байлгах, шилжилт хөдөлгөөнийг зорилтот бүсрүү чиглүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэх замаар хотжилтыг сааруулах, тогтвортой хөгжлийг хангах бодлого баримталсаар. Бидэнд хамгийн ойр буй БНХАУ, БНСУ гэхэд хот төлөвлөлт, байгуулалтаараа дэлхий дахинд сайны жишиг болсоор байна. Ялангуяа хөдөө аж ахуйд тулгуурлан шинэ суурьшлын бүс бий болгосон туршлагаараа өмнөд хөрш дээгүүрт бичигдэх болжээ. Өмнөд Солонгос сүүлийн 50 жилд хамгийн хурдацтай хөгжсөн, тэр хэрээрээ хамгийн сайн “зохион байгуулалтад орсон” хотуудтай улс гэдгээрээ танигдаад буй аж. Харин манай улс хот байгуулах хоосон мөрөөдөл тээсээр, иргэд нь Алтан тэвшийнхээ хөндийд шавааралдсаар өдий хүрлээ.
Монгол Улсын хүн амын тэн хагас орчим нь Улаанбаатарт амьдарч байгаа. Хүн амын тоо 2030 онд дөрөв, 2050 он гэхэд таван саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Үүнийг дагаад нийслэлийн иргэдийн тоо өсөх нь дамжиггүй. Агаар, хөрсний бохирдол, авто замын түгжрэлээс эхлээд амьдрах орчны олон асуудал тэр үед илүү хурцаар тавигдах нь гарцаагүй. Одоо ч манай нийслэл төлөвлөлт, тооцооллоос давсан их ачаа үүрч байгаа шүү дээ. Ирэх жилүүдэд өнөөдрийнхөөс ч хэд дахин дор нөхцөл байдал үүсэх эрсдэл өндөр. Тиймээс л шинэ суурьшлын бүс бий болгох, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэл, орон нутгийн тэнцвэрийг хангах асуудлыг шийдэх тухай ярьж буй. Аль 2000 оны эхэн үеэс л энэ талаар хөндөж эхэлсэн. Одоо ч ярьсан хэвээрээ. Өнгөрсөн хугацаанд хот байгуулалтын чиглэлээр тууштай хэрэгжүүлсэн төсөл, хүний нүдэнд өртөхөөр хэмжээнд хийсэн томоохон ажил манай улсад ер байхгүй. Нийслэлийн хаяа дэрлэсэн дүүргүүдээ ч дагуул хотын статуст хүргэн хөгжүүлж, дэмжиж чадаагүй. Хэдэн он дамжин яригдаж, нэг засгаас нөгөөд “хаяглагдсан” хот байгуулах санаачилгуудаас өдгөө тунаж үлдээд буй “Шинэ Зуунмод”, “Шинэ Хархорум” төслийн ажил цаашид хэрхэх нь анхаарлын төвд байна.
Тэртээ 2012 оны үеэс яригдсан Шинэ Зуунмод хот байгуулах ажлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг шат ахиулсан гэж хэлж болно. Өмнө нь бичиг цаас, төлөвлөлт, судалгаанаас хэтэрдэггүй байсан тус төслийг хэрэгжүүлэхээр Хөшигийн хөндийд шинэ хотын шав тавиад, ерөнхий төлөвлөгөөг нь баталчихсан. Тэгвэл 2023-2024 онд ус хангамжийн шугам сүлжээ, мэдээлэл холбоо, цахилгааны дэд станцын барилга угсралтын найман багц ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байгааг Хөшигийн хөндийн шинэ бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор байгуулсан үндэсний хорооныхон мэдээллээ. Инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил дуусах шатандаа буй, шав тавих үеэс боссон газрын маргааны асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэх чиглэлд анхаарч байгааг Барилга, хот байгуулалтын яамныхан онцлов. 150 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн Шинэ Зуунмод хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний төв цэг болгох том амбицтай зорилт дэвшүүлсэн учир төсөлд Азийн болон Олон улсын архитекторуудын эвлэл зөвлөмж, чиглэл өгч ажиллахаар болж. Мөн Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны бүтэц, орон тоог шинэчлэх, шинэ нисэх буудалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс байгуулахтай холбоотойгоор Олон улсын санхүүгийн төвийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлал боловсруулах ажлыг хийж буй юм байна.
Харин Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах албан ёсны шийдвэрийг харьцангуй сүүлд буюу өнгөрсөн оны сүүлчээр гаргасан учир ерөнхий төлөвлөгөө боловсруулахтай холбоотой судалгааны ажил ид үргэлжилж байна. Ямартай ч тус бүтээн байгуулалтыг хариуцсан захиргааг байгуулжээ. Энэ онд багтаан ус хангамжийн эх үүсвэрийг нь тогтоон, инженер, геологийн нарийвчилсан судалгаа хийж, байр зүйн зураглал гарган, ерөнхий төлөвлөгөөг баталж, дараа жилээс ажлыг нь эхлүүлэхээр тооцоолсон аж. Шинэ хот байгуулах ТЭЗҮ боловсруулах ажилд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас дэмжлэг, туслалцаа авахаар манай улсаас албан ёсны хүсэлт тавьжээ.
Үндсэндээ “шинэ” хэмээх тодотголтой хоёр хотыг бүтээн байгуулах бэлтгэл ажлууд Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хүрээнд тал талд үргэлжилж байна. Эдгээрийг хэрэгжүүлэх суурийг тавихад улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулж эхэлсэн гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй тусгайлсан нэгж байгуулж, цөөн бус хүнийг цалинжуулж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэллээ. Тиймээс л хоосон санаачилгуудыг ажил хэрэг болгох чиглэлд нэг шат ахиулсан хэмээн эергээр харж байгаа юм. Харин одоо үүнийгээ тууштай хэрэгжүүлсээр дараагийн шатанд гаргахгүй л бол хийсэн бүхэн нь зарцуулсан төсөвтэйгөө замхарч, иргэдийн итгэл найдвар бүрмөсөн унтарна. Хот байгуулах шийдвэр гаргахад олон нийт тийм ч таатай хүлээж авдаггүй. Уг нь бол ийм хэрэгцээ шаардлага хоолойд тулаад буй. Тийм атал эсэргүүцэн, нийгэм даяараа шүүмжлээд байгаагийн шалтгаан нь ерөөсөө өнгөрсөн хугацаанд бүтэлтэй зүйл хийгээгүйтэй холбоотой. Тиймээс ч “Хөшигийн хөндийд хот байгуулж, хоёр дахь Улаанбаатарыг бий болгоно”, “Орхоны хөндийд соёл, аялал жуулчлалын төв хот байгуулна” хэмээх улстөрчдийн эрс шийдэмгий мэдэгдэл, амлалтууд иргэдийн хувьд орчин цагийн хамгийн богино эмгэнэлт, инээдмийн “өгүүллэг” болоод байгаа юм.
Өмнөд Солонгосын хөгжил, хот байгуулалтын түүхтэй танилцаад ирсэн нэгэн хүн тус улс далай тэнгис байсан газарт хэдхэн жилийн дотор ямар гайхамшигтай хот байгуулсныг, нүв нүцгэн талыг хэрхэн мод шуугьсан шугуй болгож хувиргасныг шагшин магтаад, монголчууд хэдэн мянганаар аж төрж, хэчнээн саятан (олон хүн амтай) хот байгуулах сав болсон уужим газар нутагтай ч юу ч хийж чаддаггүй гэж өгүүлсэн байна билээ. Нээрэн л хэчнээн бол хэчнээн сая хүнийг багтааж шингээх хот байгуулах орон зай, газар нутаг бидэнд бий. Харамсалтай нь, үүнийгээ бүрэн дүүрэн ашиглах чадвар, алсын хараатай бодлого, төлөвлөлтгүйн улмаас шинэ хот байгуулах мөрөөдөлтэйгөө он удаан жил зууралдаж буй. Дээрх хотуудыг байгуулж чадах, эсэхээс их зүйл хамаарна. Наанадаж л Улаанбаатарын ужиг асуудлууд улам хүндрэх, эсэх нь үүнээс шалтгаална. Цаашлаад Монгол Улс дэлхий нийтээрээ зорьж буй “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Хотжилтын шинэ хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүргээ хэр зэрэг биелүүлэхэд хэт төвлөрлийг задалж чадах, эсэх нь нөлөөлнө. Иймд хөгжингүй орнууд шиг олон хот, тосгон байгуулж, үлгэрлэж чаддаггүй юм гэхэд ядаж хотынхоо хаяанд буй хөндий дэх шинэ нисэх буудал орчмоо хүн суурьших, худалдаа, үйлчилгээ цэцэглэн хөгжих хэмжээнд хүргэх нь чухал болоод байна.
Нийслэлчүүд өмнө нь зөвхөн ажил эхлэх, тарах цагаар түгжирдэг байсан бол одоо өдрийн бүх үед авто зам ачаалалтай байх болсон талаар ярьдаг. Энэ бол Улаанбаатар хот ачааллаа даахаа байсны, төвлөрлийг сааруулах цаг болсны нэг дохио юм. 2030 онд Монголын хүн ам дөрвөн саяд хүрэх цагт нийслэлчүүдийн автомашин “үл хөдлөх” хөрөнгө болж хувирах эрсдэлтэйг ч мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Тиймээс өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг жижиг мэт санагдах тийм хэмжээнд хүртэл нь гааруулахгүйн тулд одооноос төвлөрөл сааруулах, шинэ суурьшлын бүс бий болгоход онцгойлон анхаарах нь зүйтэй. Яг л бусад орны жишгээр. Шинэ Зуунмод, Шинэ Хархорум хотын ажлыг зогсолтгүй, тууштай урагшлуулах хэрэгтэй.