“Jet sharing Mongolia” ХХК нийслэлд скүүтэр түрээсийн үйлчилгээ нэвтрүүлжээ. Нийт 3000 скүүтэрийг хотын гудамж, талбайд байршуулахаар төлөвлөснөөс эхний ээлжид 700-г нь туршилтын байдлаар ашиглуулж эхлэв. Төсөл хэрэгжүүлэгчид эрэлт хэрэгцээ, зохион байгуулалтын чиг баримжаатай болсныхоо дараа скүүтэрүүдээ бүгдийг нь байршуулах аж.
Улаанбаатарчуудад унаагаа солих боломж олгосон “Ninebot” загварын скүүтэр нь ухаалаг систем буюу тусгай аппликэйшнтэй холбогдсоноороо онцлог гэнэ. Мөн байршил тогтоогчтой. Хэрэглэгч скүүтэрээ ажиллуулахын тулд “Jet scooter” аппликэйшнийг утсандаа суулгаж, заавал бүртгэл үүсгэх ёстой. Үүний дараа хэтэвчээ хамгийн багадаа 4000 төгрөгөөр цэнэглэж, жолоон дээрх QR кодыг уншуулснаар аяллаа эхлүүлэх боломж бүрдэх нь. Скүүтэр түрээслэх эхний нэг минутын төлбөр 500 төгрөг бол хоёр дахиас нь эхлээд 200-гаар тооцох юм байна. Тодруулбал, хэтэвчээ 4000 төгрөгөөр цэнэглэсэн хэрэглэгч 18 минут скүүтэр унах боломжтой. Очих газрынхаа зайнаас хамаараад дансандаа мөнгө байршуулах нь тохиромжтой гэсэн үг. Тусгай аппликэйшнд суурилсан хяналтын систем бүхий скүүтэр түрээсийн яг ийм үйлчилгээг Армени, Азербайжан, Казахстан, Серби, Узбекистан зэрэг улс өдгөө амжилттай хэрэгжүүлж буй аж.
Скүүтэр түрээсийн үйлчилгээ нэвтрүүлээд удаагүй ч үүнтэй холбоотой зөрчил мэр сэр гарч эхэлснийг хэрэгжүүлэгчид дурдлаа. Тухайлбал, өнгөрсөн ням гаргаас даваад шилжих шөнө хоёр скүүтэр хулгайлж, байршил тогтоогчийг нь салгахаар завдсан хэрэг гарчээ. Тэрчлэн унаагаа зориулалтын бус, хаа хамаагүй газарт хаясан тохиолдол ч цөөнгүй гарсан байна.
Уг нь дүрэм ёсоор бол хэрэглэгч очсон газрынхаа ойролцоох, аппликэйшнд байршил нь тэмдэглэгдсэн газруудад л скүүтэрээ үлдээх ёстой бөгөөд ингэхдээ зургийг нь дарж илгээх учиртай гэнэ. Харамсалтай нь, зарим хэрэглэгч үүнийг үл ойшоон, төвөг чирэгдэл учруулах болжээ. “Ninebot”-ыг хулгайлсан тохиолдолд хянагч нар тухайн хүний байршлыг төвөггүй тогтоох боломжтой аж. Бүртгэлтэй хэрэглэгч ийм зөрчил гаргавал цахим хаягийг нь хаах зэргээр арга хэмжээ авах нь.
“Jet sharing Mongolia” компанийнхан скүүтэр ашиглах дүрэм гаргажээ. Үүнийг зөвхөн насанд хүрсэн хүмүүст түрээслүүлэх гэнэ. Скүүтэрийг нэгээс дээш хүн унах, газрын зурагт улаанаар тэмдэглэсэн бүсүүд рүү орох хориотой. Түүнчлэн энэ төрлийн хэрэгслээр зорчихдоо замын хөдөлгөөний дүрэм баримтлан, аюулгүй байдлаа хангахыг сануулж байна.