Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, өгсөн, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдийг “Нүүрсний” гэх тодотгол дор хууль хяналтын байгууллага шалгаж, заримыг нь шүүхээр шийдвэрлээд буй. Гэтэл өчигдөр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа “нүүрсний” гэх тодотголтой нэг ч хэрэг шүүхэд ирээгүй, шүүхээр шийдвэрлээгүй хэмээн мэдээлэл хийлээ.
Харин НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа ярилцлагадаа “Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд НПГ-аас нийт 58 хүнд холбогдох долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс дөрвийг нь анхан шатны шүүх шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр найман хүнд холбогдох нэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 16 хүнд холбогдох гурван хэргийг шийдвэрлэсэн. Одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс силвер ресурс”-ийн удирдах албан тушаалтнуудад холбогдох хахууль авах, өгөх болон мөнгө угаасан хэрэг, Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд “нүүрсний” хэргийн хамгийн олон холбогдогчтой буюу гааль, хил хамгаалах байгууллагын албан тушаалтан 22 хүнд холбогдсон хахууль авч, өгсөн хэргийн шүүх хурал хүлээгдэж байна. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг хэргийг прокурорт буцаагаад байгаа” хэмээн өгүүлсэн. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээр АТҮТийн Цогтцэций салбарын даргатай холбоотой хээл хахуулийн, Гашуунсухайтын боомтын гаалийн байцаагч Д.Эрдэнэбаяр, хилийн цэргийн 0131 дүгээр ангийн тус боомт дахь шалган нэвтрүүлэх албаны орлогч дарга Д.Амартүвшин тэргүүтэй хилчид, “Тэнгэр анд тэнгис”, “Ханбогд инженеринг” ХХК-ийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлээд буй. Тэгвэл өдгөө “нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан АТҮТ-ийн дэд захираласан Х.Баярхүү Увс аймаг дахь АТҮТ-ийн дарга У.Золбоод үүрэг өгч, “Баянговь транс” болон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” ХХК-ийн нүүрс тээврийн хүнд даацын автомашинуудыг үзлэгт оруулахгүйгээр тэнцсэн мэтээр мэдээлэл АТҮТ-ийн санд оруулсан гэх хэргийг Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэнч ямар нэг ашиг сонирхлын зөрчлөөс болж шийдвэрлэхгүй буцаасан гэнэ.
Мөн дээрх дуулиант хэргийн хүрээнд шалгасан, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг дарга М.Батсүх танил Ш.Батнямынхаа хариуцдаг “Их уудам говь” компанийг цар тахлын үеийн нүүрс тээврийн горим буюу “бөмбөлөг” гээчид тэнцүүлж Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлүүлэх давуу байдал олгохын тулд ОБЕГ-ын ахлах мэргэжилтэнд хахууль өгсөн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлээд буй аж. Харин төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон таван хэргийг нь НПГ-т хянаж байгаа билээ.