Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шилэн” ажиллагааны хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын, Шинжлэх ухаан, технологийн, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох, Кино урлагийг дэмжих, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэнд туслах сан болон нийслэлд сүүлийн гурван жилд олгосон газар, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэдээллийг өнгөрсөн баасан гарагт shilen.gov.mn хуудсанд байршууллаа. Ингэснээр Засгийн газрын тусгай сангаас 14-ийнх нь мэдээлэл нээлттэй болов. ЦХХХ-ны сайд Н.Учрал хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэхдээ “Тусгай сангаас зээл, тусламж авсан аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүжилтээ зориулалтын дагуу, зөв зарцуулсан, эсэхэд бодитой хандах хэрэгтэй. Ийм сан байх ёсгүй гэж туйлширч, зээл авсан болгоныг буруутгаж болохгүй. Ил болгосон мэдээлэлд үндэслээд асуудалд шинжлэх ухаанч, баримт, статистиктай хандах нь чухал” гэсэн юм.
Соёлын яамны харьяанд 2022 онд байгуулсан Кино урлагийг дэмжих сан уран сайхны болон баримтат киноны төсөл дэмжих зорилгоор 11 хуулийн этгээдэд 24-240 сая буюу нийт нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох гэрээ байгуулжээ. Харин Шинжлэх ухаан, технологийн сан 2007 оноос хойш 59 иргэн, 322 хуулийн этгээдэд 152 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг олгосон байна. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэнд туслах сан 2009 оноос хойш 2000 гаруй иргэнд 3.1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Цар тахлын цаг үед 408 иргэний эмчилгээ, үйлчилгээнд 262 сая төгрөг зарцуулсан аж. БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан есөн жилийн хугацаанд 724 иргэн, хуулийн этгээдийн 1091 төслийг 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэнэ. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 2012 оноос хойш 2.6 тэрбум төгрөгийг иргэдэд олгосноос 36.8 хувь буюу 976 саяыг нь буцаан төвлөрүүлснээ тайлагнасан байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний 10 533, нарийвчилсан 4696 мэдээллийг цахим системд байршуулжээ. Түүнчлэн 2021 оноос хойш олгосон газрын мэдээллийг ч оруулаад байгаа. 2000-2020 оны тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өмнө нь байршуулсан билээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл