Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house”, “Эгэл баатар” гэсэн зургаан багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Green house” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
“Нарлаг Монгол оронд насаараа амьдрах хувьтай” хэмээн бид дуулдаг. Нарлаг Монгол гэж тодотгосон нь борооны улиралгүй, жилийн 300 гаруй өдөрт нь нартай байдаг, сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй учраас тэр. Энэ боломжоо бүрэн ашиглах, ногоон буюу цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг сүүлийн үед компани, хувь хүмүүс зорьж, ахиц дэвшил ч гарсаар байна. Тухайлбал, хэрэгцээний цахилгаан, дулаанаа сэргээгдэх эрчим хүчээр хангахын зэрэгцээ жилд 3760 кВт/цаг цахилгаан илүү үйлдвэрлэн, эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх нарны сууцыг (solar house) Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо буюу Санзайн зусланд барьжээ. Дулааныхаа 50-иас дээш хувийг нарны эх үүсвэрээс хангадаг байшингийн тодорхойлдог аж. “Building’s technology” компанийн барьсан, байгальд ээлтэй уг байшин нь 260 ам метр талбай, 3.5 метрийн өндөр таазтай бөгөөд нарны энергийг олон янзаар ашиглах жишиг орон сууц болсныг онцлох нь зүйтэй. Тодруулбал, “winter garden” буюу нарны гэрэл удаан тусдаг урд, баруун урд зүгрүү харуулж барьсан шилэн хана, дээвэр бүхий өрөө гаргажээ. Доор нь зоорь ч барьсан уг өрөө нь нар ургахаас шингэх хүртэлх хугацаанд нэмэлт төхөөрөмж, дулаан үүсгүүр шаардахгүйгээр халах бөгөөд эл өрөөнөөс байшингаа битүү тойруулан дулаан сэлгэх завсар гаргаж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, үндсэн байшингийн гадуур хөнгөн блокон хана барьсан гэсэн үг. Байшин, блокон хананы завсраар халуун агаар ийнхүү “гүйх” нь зарцуулах дулааны хэмжээг дөрөв дахин бууруулах ухаалаг шийдэл болсон аж. Үүнийг халуун савтай зүйрлэж ч болох юм. Мөн энэхүү байшингийн шалны халаалтын системийн ашиглалтыг сайжруулах зорилгоор паркетныхаа доор 20 см зузаан бетон цутгажээ. Халдаг утас бүхий ийм бетон нь дулаан хадгалах чадвар өндөртэй. Цахилгаан тасарсан ч халууныг удаан хугацаанд хадгалан, шалыг халаадаг гэнэ. Мэдээж бетон халаах цахилгааныг нарны хавтангаас гарган авна.
Эл сууцын дээвэр дээр нарны энергиэс цахилгаан, дулаан үйлдвэрлэх хоёр төрлийн панел суурилуулсан байв. 260 ам метр талбайтай байшинг халаахын тулд 2000 литрийн багтаамжтай дулаан нөөцлүүрт хөлддөггүй шингэн хийжээ. Уг нөөцлүүр дэх шингэнийг нарны энергиэр багадаа 50 хэмийн дулаантай хадгалж болдог бөгөөд паар луугаа шахуургаар халуун дамжуулна. Эл халаах технологийн тусламжтайгаар нэг кВт/цаг цахилгаанаар гурван кВт дулаан гарган авч байгаа юм. Олон улсад ам метр тутамдаа жилд 15 кВт-аас бага дулаан зарцуулдаг байшинг пассив буюу ногоон байшин хэмээн үздэг. Тэгвэл Санзай дахь нарны сууц найман кВт дулаан зарцуулж буй юм билээ. Нарны панелын тусламжтайгаар эрчим хүч үйлдвэрлэн хэрэглээндээ ашиглахаас гадна цахилгаан машин цэнэглэх боломж ч бүрдүүлжээ. Тодруулбал, есөн кВт-ын чадалтай батарей суурилуулсан тул нар жаргасны дараа ч үүнд хуримтлагдсан цэнэгийг ашиглах боломжтой.
Гэхдээ батарейн хүчин чадалтай холбоотойгоор нарнаас гарган авч буй цахилгааныг 24 цагийн турш хэрэглэх хараахан боломжгүй. Зуны улиралд 22.00 цагийн үед батарейн цэнэг дуусаж, эрчим хүчний системээс цахилгаанаа авдаг. Өвөл мэдээж эрчим хүчний системээс авах цахилгааны хэмжээ арай илүү байх гэнэ. Гэхдээ хэрэглээндээ зарцуулсан болон сэргээгдэх эх үүсвэрээс гарган аваад эрчим хүчний сүлжээнд нийлүүлж буй цахилгааны хэмжээ нь тэнцэж, ашиглалтын зардал нь үндсэндээ тэг байхыг онцлох хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, цахилгааны төлбөр төлөх шаардлагагүй гэсэн үг. Дээрх байшинг саяхан ашиглалтад оруулсан учраас эрчим хүчний системээс авч, мөн нийлүүлж буй цахилгааны хэмжээгээ тооцож эхлээд удаагүй аж. Үүнийг тооцохын тулд ухаалаг, хоёр ч тоолуур суурилуулжээ. Уг нь ухаалаг тоолуур ганц байхад хангалттай ч хоёрыг тавих шаардлага тулгарсан талаар хожим дэлгэрүүлэх болно.
ЖИЛД 17 ТОНН НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙ ЯЛГАРУУЛАХААС СЭРГИЙЛНЭ
Монголд орон сууц, барилгын ам метр талбайд жилд дунджаар 1400 кВт дулаан нийлүүлдэг гэсэн дүн бий. Харин нарны сууцын хувьд ам метр талбайд есөн кВт дулаан ашиглаж буй. Зарцуулах дулааны хэмжээг ийн бага байлгахад байшингийн хийц, архитектур чухал нөлөөтэйг “Building’s technology” компанийн захирал Н.Дорж онцолсон юм. Тэрбээр “Монгол Улс нарлаг орон учраас нарны энергийг ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх нь ихээхэн чухал. Тухайлбал, Европын орнуудад 260 ам метр байшингийн цахилгаан, дулааныг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэвэл халаалтын ус нөөцлүүрийн савны хэмжээг хэд дахин томруулж, нарны панел илүү олныг суурилуулах шаардлагатай. Нартай өдрийн тоо манайхаас цөөн байдагтай энэ нь холбоотой. Манай улсын хувьд давуу талаа ашиглан, нарны сууц олныг баривал байгальд ээлтэй төдийгүй эдийн засгийн өгөөжтэй. Мөн хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа сүлжээнд нийлүүлснээр утааг бууруулж, оргил ачааллын үед эрчим хүчний хомсдолыг багасгахад өчүүхэн ч болтугай нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр ийм байшин олныг барих хэрэгцээ бий. Нарны панелын хувьд чадлынхаа хэмжээнээс шалтгаалж харилцан адилгүй үнэтэй ч жил ирэх бүр хямдарч, хэрэглэхэд илүү хялбар болж байгаа технологи” хэмээн ярилаа.
Жилд 17 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой эл байшингийн таазны өндрийг 3.5 метр хэмээн дээр дурдсаныг уншигч та анзаарсан байх. Манайд зүйрлэвэл “шүүрэн шанага” шиг, дулаанаа алддаг байшин олон бий. Тэдгээр нь эрчим хүчний өндөр хэрэглээ автоматаар бий болгодог. Тэгвэл нарны сууцын хувьд дулаан, цахилгааны хэрэглээндээ санаа зовох шаардлагагүй учраас ийм өндөртэйгөөр барьсан хэрэг. Байгалиас үнэгүй заяасан нөөц, технологийн дэвшлийг ашиглаад байшингаа цэвэр эрчим хүчээр хангах боломжтой учраас тэр. Зарим хүн зуслангийн байшиндаа хэд хоног, эсвэл удаан хугацаагаар очихгүй байх тохиолдол гардаг. Ийм үед аюулгүй байдалд санаа зовних үе гардаг шүү дээ. Тэгвэл нарны сууцын хувьд эрчим хүчний зарцуулалтдаа толгой гашилгах шаардлагагүй, байшингийнхаа гэрлийг утсан дээрх аппликэйшнээ ашиглан асаачихад л хангалттай. Түүнчлэн эл байшинг модоор барьж, модон хавтангаар доторлосон учраас “амьсгалдаг” гэхэд болно. Тиймээс ч агааржуулах систем суурилуулах шаардлагагүй гэсэн үг. Мод нь барилгын бусад материалаас дулаан хадгалах, нэвтрүүлэх чадвараар өндөр, буулгасан ч дахин ашиглах боломжтой учраас ногоон байшингийн гол “түүхий эд” болдог байна.
Нарны сууцыг эрчим хүчний А+ ангиллынх хэмээн ойлгож болно. Цахилгаан хамгийн бага зарцуулдаг барааг А+++ хэмээн тэмдэглэдгийг бид мэднэ. Үүнтэй адилтгаж үзвэл дулаанаа алддаггүй дээрх нарны сууц нь А+ ангиллын шаардлага хангаж буй хэрэг. Манай улс дахь байшин, барилгууд дунджаар С ангиллын шаардлага хангадаг юм билээ. Ташрамд дурдахад, нарны панелыг удаан хугацаанд буюу 25 жил ашиглах боломжтой гэсэн. Үүнийг суурилуулахдаа өвөл, зун нар хэрхэн тусахыг тооцсоноор үйлдвэрлэх эрчим хүчийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломж бүрэн бий аж. Өвлийн улиралд гэхэд хавтанг45-50 градусын өнцөг үүсгэхээр байрлуулбал ашигтай байх жишээтэй. Ер нь ийм шийдлээр амины орон сууц, сургууль, цэцэрлэг, оффис, амралтын газар, зочид буудал зэрэг барилга, хороолол, хотхоныг ч төлөвлөн, барих боломжтой. Товчхондоо, хэт төвлөрсөн бус, системээс хамааралгүй, бие даасан системтэй болох техникийн боломж бүрэн бий. Нөгөөтээгүүр, нарны панел болон ногоон барилга барихад ашигласан материалыг олон улсад хэдийн дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэвшсэн.