Тунисийн Ерөнхийлөгч Зин аль-Абидин Бен Али эх орноосоо зугтсан нь тодорхой болсны маргааш л Ливид хөдөлгөөн өрнөж эхэлсэн аж. Бен Али 2011 оны нэгдүгээр сарын 14-нд улсаа орхиж явсан бол 15-нд Ливийн Бенгази, Дерн, Эль-Байден хотод эсэргүүцлийн анхны жагсаал болжээ. Орон сууц барих ажил хэтэрхий сунжирч байгаад хүмүүс ихэд бухимдав. Жагсагчид барьж дуусаагүй барилгуудыг эзэлж, даамлуудынх нь албан байрууд руу дайрчээ. 1970 оноос улсаа удирдаж байсан Муамар Каддафи эсэргүүцэл тэмцэл эхэлмэгц үндэснийхээ телевизээр үг хэлсэн байна. Тэрбээр тэмцэгчдийг нэлээд муу үгээр шүүмжилснээ барилга барих хугацаа сунжирч байгааг хүлээн зөвшөөрч, буруутанд хариуцлага хүлээлгэхээ амлав. Барилгын зардлын гуравны нэгийг худалдан авагчид, үлдсэнийг нь улсаас даах схемээр ажил явж байж. Каддафигийн үед Ливид энэ нь ердийн үзэгдэл байв. Беларусийн мэс засалч Руслан Берёзкин 2011 онд Ливид гэрээгээр ирж Алжир, Тунистэй залгаа хил дээр байх нутгийн баруун хойд хэсэгт Гадамес гэдэг сайхан хотод ажиллаж, амьдарч байлаа. Түүний ярьснаар бол Каддафигийн үед орон сууцад онцгой анхаарал тавьдаг байжээ. “Гадамесийн ойролцоо залуу гэр бүлүүдэд зориулсан хоёр дахь хотыг босгосон юм. Бүх дэд бүтэц бүхий байраа дотроос нь халаах зорилгоор дээд давхартаа гал тогоог нь байрлуулсан гурван давхар сууцууд байсан. Ийм нөөц хотхон 10 мянга болон түүнээс дээш оршин суугчтай бүх суурин газарт байсан” гэж Берёзкин сурвалжлагчид ярьжээ .
Британийн нэрд гарсан философич, пакистан гаралтай Тарик Али “Guardian” сонинд зориулж бичсэн “Ливи дэх бослогын эх үндэс” өгүүлэлдээ “Ливи дэх бослого тэмцлийн шалтгаан нь ядуу зүдүү байдал юм уу, авлига биш, эдийн засаг, нийгмээс бусад бүх салбарт нь байсан” гэж тэмдэглэж байжээ. Үнэндээ 2010 онд Ливийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2.5 хувьтай байв. Аж ахуй, нийгэм нь тогтвортой хөгжиж байлаа. Хүний нөөцийн хөгжлийн индексээрээ НҮБ-ын гишүүн орнууд дотроо Ливи 53 дугаарт, Орос, Болгар, Сербийн өмнө бичигдэж байжээ. Одоо Ливи 105 дугаарт орж. Иргэди йнх нь дундаж нас 74, эмнэлэг, боловсролын үйлчилгээ үнэгүй байв. Ажилгүйдэл сэтгэлийг нь зовоодог ч 2005 онд 25 хувь байснаа 2009 онд 19 хувь болж багассан байлаа. Нийгэм судлаач Максим Шугалей хамтран ажилладаг Самер Хассан Али Суэфантай хамт ислам шашинтны RADA бүлэгт олзлогдож, бараг хоёр жил Триполи хотод байх “Митига” шоронд хоригдсон байна. “Каддафигийн үед Ливи Африкийн хамгийн тэргүүлэх орны нэг байсан юм. Эдийн засгийнх нь хөгжил сайн, тэгэхдээ “газар дээрх диваажин” байгаагүй. Каддафигийн үед хүмүүс боловсролтой болно, ажил хийнэ, машинтай, сууцтай болно хэмээн амьдралаа төлөвлөдөг байжээ. Одоо бол Ливид ингэж төлөвлөхөө больсон” гэж Шугалей сэтгүүлчид ярьсан байна.
Дэмжигчид нь Каддафигаас залхжээ. Яг Никита Хрущевээ с уйддаг шиг. Түүнийг авч хаячихаад бүх юм хуучнаараа, гагцхүү түүний адайр ааш алга болно гэж бодоцгоож. Бүтсэнгүй. Тэгсэн чинь Каддафи нь ердөө л адайр зан төдий биш байж, жигтэйхэн сонин хувцас, хүүхнүүд, олон сая хувь хэвлэгдсэн дэлхийн хувьсгалын тухай номууд, нүүдэлчин арабын майхан сууц, гол нь цаг шиг ажилладаг эдийн засаг байв. Тэгэхдээ л Каддафигийн удирдлагаас залхсан нь анзаарагдаж байв гэж Шугалей тэмдэглэж байлаа. Тэр үнэхээр улс орныхоо залуур дээр удаан суужээ. Энд мэдээж ардчилсан нийгэм байгаагүй. Сэтгэл дундуур хүмүүс байсан. Каддафи юу хийх гэж буйг хэн ч мэдэхгүй.
Хоёрдугаар сард эсэргүүцэл улам ширүүсэв. Ливийн хоёр дахь том хот Бенгази түүний төв болж байлаа. Ливид хаант засагтай байхад энэ хот хоёр нийслэлийн нэг нь байж, түүнээс холгүй I Идрис хааны өргөө байв. Каддафи хааныг ширээнээс нь буулгаснаар хот нийслэлийн үүрэг гүйцэтгэхээ байжээ. Тиймээс тус хотынхон Каддафид тийм ч сайн биш, хуульч, хүний эрх хамгаалагч Фатхи Тербилийг баривчилсан нь энэ удаад энд эсэргүүцлээ илэрхийлэх шалтаг болжээ. Түүнийг тун удалгүй суллаж, улмаар Залуучуудын асуудал эрхэлсэн сайд болгосон ч эсэргүүцэл намжсангүй. Ливийн Хууль зүйн яамны ажилтан Тахир Дахеш тэмцэгчдийн эгнээнд орсон байна. “Хүмүүсийн адил би ч гудамжинд гарлаа. Цагдаа нар тэдэнд хайр найргүй хандаж, хөөж туусан нь хэний ч санаанд нийцсэнгүй. Ливид хэзээ ч үг хэлэхээс айж байгаагүй юм. Каддафийг ч шоолно. Тэгэхдээ хүмүүс өөр хоорондоо, найз нөхдийнхөө хүрээлэлд үзэл бодлоо илэрхийлэхээс айж эмээж байгаагүй болохоос биш, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийгээ огт илэрхийлэхгүй” Дахеш ийн дурсав.
Баримтат киноны найруулагч Андрей Молодых энэ үед Триполид ажиллаж байлаа. “Энэ бол цатгалан хүмүүсийн өдөөсөн жинхэнэ үймээн байсан. Европт улсынхаа зардлаар боловсрол олсон, ухаалаг боловч дээдсийн хүрээлэлд нэвтэрч орох ямарваа горьдлогогүй хүмүүс гойд сэтгэл дундуур байв. Энэ нь халамж нь хэтэрсэн эцэг, түүний халамжид бус, бие дааж амьдрахыг хүссэн хангамж сайтай даварсан хүүхдүүдийн хоорондын зөрчил юм. Түүнээс гадна 2005 онд Бенгазид болсон аллагыг Каддафи уучилсангүй. Тэгэхэд эсэргүүцэл тэмцлийн үеэр цагдаа нар Италийн мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд өөрсдийнхөө хүмүүс рүү гал нээжээ. Тодруулбал, Каддафийг европчуудыг хамгаалсных нь төлөө хонзон авсан хэрэг байлаа” гэж Молодых сэтгүүлчид ярьсан удаата й. Тэнд хатуу ширүүн дарангуйлал надад анзаарагдаагүй. Төр нь аядуу. Нэг айл хоёр машинтай, хүмүүсийнх нь амьдрал Европын дунд чинээний байдалтай дүйнэ, үүнээс илүү тухлаг амьдралтай айл ч цөөнгүй. Гудамжинд хүмүүс тааваар, эрчүүд нь зоогийн газар сууж, амьдрал нь дажгүй, бүх юм сайн сайхан байгаа талаар ярилцана. Жаахан зэрлэгдүү, сицили маягийн Италийг санагдуулам. Өнгөц харахад ийм байлаа. Тэмцлийн оргил хоёрдугаар сарын 17-нд тохиож, сөрөг хүчин энэ өдрийг “Хилэнгийн” хэмээн нэрлэсэн байна. Бенгази хотын төв талбайд өргөн жагсаал цутган орж ирэв. Цэрэг, цагдаа нар нь түүнийг хөөн тараах гэж оролдоод улмаар гал нээлээ. Хэн нь эхэлж буу дуугаргасан нь одоо хэр нь тодорхойгүй. Төв байр нь Женевт байдаг Ливийн хүний эрхийн “Human right solidarity” байгууллагын нотолсноор бол тусгай зориулалтын хүчний мэргэн буучид 13 хүнийг хөнөөжээ. Үүнтэй холбогдуулж Ливийн Засгийн газраас гаргасан мэдээлэлд тэдгээр мэргэн буудагчийг эсэргүүцэл тэмцэл хийгчдийн дургүйг хүргэхийн тулд өөрийнхөө хүмүүс рүү зориуд буудсан сөрөг хүчний дайчид гэсэн байв. Ямар ч байлаа гэсэн энэ үйлдэл нь Засгийн газрын ордон руу дайрах үйлдэлд өдөөн турхирчээ. Үүний дараа Ливийн Дотоод хэргийн яамны тэргүүн, генерал Абдель Фаттах Юнес босогчдын талд орлоо. Хоёрдугаар сарын 27-нд Бенгази хотод Каддафитай адил эрх дархтай Үндэсний шилжилтийн зөвлөл байгуулагдав. Ийнхүү Ливи Улс хоёр хуваагдах нь тэр.
Бенгази хот босогчдын мэдэлд шилжмэгц зөрчил тэмцэл аяндаа иргэний дайн болоод хувирчихав. Хот, суурин газрууд энэ дайнд оролцогчдын мэдэлд ээлжлэн шилжсээр. Гуравдугаар сард Засгийн газрын арми Бенгази хотыг эзлэх оролдлого хийв. Чухам энэ оролдлого Ливийн хуучин дэглэмийг төгсгөл болгосон юм. Үүгээр далимдуулж АНУ-ын санаачилгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2011 оны гуравдугаар сарын 17-нд 1973 тоот тогтоол гаргав. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдээс АНУ, Британи, Франц уг тогтоолыг дэмжих санал өгч, Орос, Хятад түдгэлзсэн байна. Уг тогтоолоор Ливийн дээгүүр онгоц нисэхийг хориглосон ч үнэндээ бол нисэх хүчний онгоцнуудыг нь устгах зөвшөөрлийг НАТО-гийн нисэх хүчинд өгсөн хэрэг байлаа. Ингээд ердөө долоо хоногийн дотор Каддафи улсынхаа агаарын урсгалыг хянаж чадахаа байв. Босогчдын арми Каддафигийн талынхныг шахаж эхэллээ. Бенгази хотод тулаан эхэлж, босогчид ч, Каддафигийн дайчид ч орж ирэв. “Ливийн тэнгэрийг НАТО-гийн онгоцнууд “бүрхэв”. Тэд учир начрыг нь олохыг хичээлгүй, баталгаа нотолгоо ч гэлгүй Каддафийг гэмт хэрэгтэн гэж үзлээ” хэмээн Андрей Молодых ярьсан байна. НАТО-гийн орнууд Ливийн Засгийн газрын армийн эсрэг нисэх хүчний хэд хэдэн ажиллагаа, тухайлбал, АНУ “Одисейн үүр”, Франц “Хартман”, Канад “Мобайл” нэрээр зохион байгуулав. Есдүгээр сард Триполи босогчдын гарт орж, Каддафи төрөлх Сирт хот руугаа зугтаж, бүслэлтээс гарах гэж оролдох үедээ амиа алдсан байна. Тэрбээр аравдугаар сарын 20-нд алагджээ. Түүний цогцсыг “Мисурати” худалдааны төвд олон түмний нүдэнд ил тавьж, дараа нь цөлд нууцаар оршуулсан гэдэг. “Каддафийг халуунаар дэмжиж байсан нэгэн дэлгүүрийнхээ шалан дээр түүний хөргийг дэвсэж тавьчихаад орж ирсэн хүн болгоныг түүн дээр хөлөө арчихыг шаардаж байсан гэлцдэг. Би энэ дэлгүүрт дахин орохгүй байсаар дэглэм солигдоод хагас жил болж байхад нутаг буцсан” гэжмөнөөх мэс засалч Руслан Берёзкин дурсан ярьжээ. Каддафигаас хойш Ливи Улс иргэний дайны хөлд нэрвэгдэж, дэг журамгүй байдалд “умбасан” юм.