Жишээ 1: Энэ сарын 27-нд зохион байгуулахаар төлөвлөж, 2023 оны арга хэмжээний календарьт тусгасан “Улаанбаатар марафон 2023”-ыг Үндэсний номын баяртай давхацсан гэх шалтгаанаар, урьдчилан мэдэгдэлгүй хойшлуулснаас тус тэмцээнд гадаадаас оролцохоор тийз захиалж, ажил төрлөө эртнээс зохицуулсан хүмүүст төвөг чирэгдэл учруулав.
Жишээ 2: Улаанбаатар хотод болж буй Азийн физикийн 23 дугаар олимпиадад оролцохоор манай улсад ирсэн багийн гишүүдийн зарим нь нисэх буудлаас ачаагаа авч чадалгүй арга хэмжээ рүүгээ санд мэнд явжээ. Нисэх буудлын удаашралтай үйлчилгээ, зохион байгуулалтын алдаанаас болоод оролцогчид тээшнийхээ учрыг олох гэж мунгинасаар байх зуур олимпиадынх нь цаг юу юугүй болчихсон гэнэ.
Жишээ 3: Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний зуны засварын ажил эхлүүлсний улмаас зарим байршилд хэрэглээний халуун ус хязгаарласан. Хан-Уул, Баянгол дүүргийн зарим хэсэг, Бага тойрог орчимд 1-3 сар хүртэлх хугацаагаар халуун ус хязгаарлахаар болсон нь аялал жуулчлалын улиралд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, гэст хаус, үйлчилгээний бусад байгууллагад хүндээр тусаж буйг бизнес эрхлэгчид хөндөж эхлэв.
Жишээ 4: Говийн бүсийн аймгууд, тэр дундаа Өмнөговьд шатахуун нүдний гэм болжээ. Үүнээс улбаалаад жуулчлалын үйл ажиллагаанд хүндрэл учраад буй гэнэ. Аргаа барсан компаниуд Монголын аялал жуулчлалын холбоогоор дамжуулан салбарын яам, Монголын газрын тос олборлогчдын мэргэжлийн холбоо, “Петровис” ХХК-иас тусламж эрээд байна.
Жишээ 5: Аялал жуулчлалын гол маршрутад тооцогддог Өмнөговь чиглэлийн нислэгийн хуваарь 02.30-04.30 цагийн хооронд, иргэдийн ид унтаж амрах үеэр таарч байгаа нь жуулчдын аюулгүй байдал, тав тухад харшилж буйг салбарын хүмүүс шүүмжлэх болов. Агаараар бус, газраар зорчих гэхээр зам нь хагархай, шөнийн нислэгээр очихоор зочид буудал, үйлчилгээний газрууд нь бүгд хаалттай гээд олон бэрхшээл тулгарч эхэлжээ.
Эдгээр жишээгээр юу өгүүлэхийг зорьсон бэ гэвэл манай улс томоохон арга хэмжээ зохион байгуулж, гадаадын зочид, төлөөлөгчид, жуулчдыг хүлээн авч ер сураагүй байна. Зорин ирсэн хүмүүсийн тав тух, аюулгүй байдалд нийцсэн үйлчилгээ үзүүлж, нэг ч гэсэн зочныг сэтгэл хангалуун буцаая гэсэн зорилго байдаггүй бололтой. Хариуцлагын, менежментийн гэмээр алдааг дээр, дооргүй гаргах боллоо. Уг нь манай улс аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Монголд зочлох жил” санаачилгыг хэрэгжүүлэх бэлтгэлээ аль өнгөрсөн оноос базааж эхэлсэн шүү дээ. Үүнийгээ дотоод, гадаадгүй сүр дуулиантай зарласан. Аялал жуулчлалыг идэвхжүүлэх зорилгоор энэ жил илүү олон арга хэмжээ зохион байгуулахаар болж хөтөлбөр, төлөвлөгөөндөө ч тусгаад буй. Мөн уламжлалт тэмцээн, уралдаан, үзэсгэлэн, яармагуудыг өмнөхөөс илүү өргөн хүрээнд хийх зорилт тавин ажиллаж байгаа. Гэтэл мордохын хазгай гэгчээр эхнээсээ л шүүмжлэл дагуулж, ийнхүү асуудал тарих болов.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйлчилгээтэй холбоотой гомдол, санал, элдэв шүүмжлэл өнгөрсөн жил цөөнгүй гарсан. Зорчигчдыг нэвтрүүлэхдээ бөөн төвөг чирэгдэл учруулдаг, гаалийн ажилтнууд нь иргэдтэй хүндэтгэлгүй харилцдаг гэсэн яриа олон удаа сонсогдож байв. Үүний дагуу албаны хүмүүс нисэх буудалд удаа дараа ажиллаж, менежмент, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст нэг бус удаа өгсөн байдаг. Тэрчлэн “E-gate” буюу цахим гарц нэвтрүүлэх, хүн хүчний нөөц нэмэгдүүлэх замаар ачаа эргэлтийг сайжруулах, нисэх буудал руу орох, гарах замыг бүрэн хүчин чадлаар нь нээх, ажилчдын харилцаа, хандлагыг сайжруулахтай холбоотой олон ажил хийхээр төлөвлөснөө албаныхан мэдэгдэж байсан удаатай. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард “Чингис хаан” нисэх буудалд ажиллах үеэрээ нийтийн эзэмшлийн бүсийн зарим хэсэгт цэвэрлэгээ гүйцэд хийдэггүйгээс тоос, тортог ихтэй, бохир байгааг хэвлэлийнхэн дагуулж очоод сүртэй гэгч нь шүүмжилсэн. Тус газарт үүнээс өөр асуудал үгүй мэт, салбарын яам нь жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарч байгаа аятай дүр эсгэсэн. Гэтэл бодит байдалд энэ байтугай, нэн түрүүнд анхаарах ёстой асуудлуудаа ч шийдвэрлэж чадаагүй л байна. Олон нислэг давхацсан үед нисэх буудалд замбараагүй байдал үүсэж, үйлчилгээ нь удааширч, иргэдэд бөөн чирэгдэл учруулдаг хэвээр. Азийн физикийн 23 дугаар олимпиадад ирсэн хүүхдүүд яг л ийм үед таарч, цаг алджээ. Зорчигчдын тээшийг түргэн шуурхай, төвөг чирэгдэлгүй олгож чадахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Орон нутгийн биш, олон улсын статустай нисэх онгоцны буудал шүү дээ. Жирийнүед болж л байдаг хурал зөвлөгөөн биш, олон улсын томоохон арга хэмжээ шүү дээ. Ийм үед яагаад бэлэн байдалд ажиллаж, үүсэж болзошгүй бэрхшээлүүдээс сэргийлж болсонгүй вэ.
...Тэгэхээр бид ирэх саруудад илүү хариуцлагатай байх шаардлага тулгарлаа. “Байгаа нь лэнэ”, “Яах чаргагүй” гээд тоомжиргүй хандаж болохгүй. Өмнөх алдаанаасаа сургамж аваад, дараа дараагийнхаа арга хэмжээг илүү хариуцлагатай зохион байгуулахад анхаарах нь бидэнд олон талаараа ач тустай...
Аялал жуулчлалын салбарт жуулчдыг үргээдэг олон зүйл бий. Энэ жил халуун усны хязгаарлалт, шатахууны хомсдол, “шийтгэлтэй” нислэгийн хуваарь зэрэг асуудал нэрмээс болж буй бололтой. Уг нь Засгийн газар 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлснийх энэ мэт бэрхшээлүүдээ урьдчилан харж, тооцоолж, төлөвлөх ёстой юм. Ядаж жуулчлалын оргил үе гэгддэг зургадугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд аахар шаахар асуудлаас болж тур операторуудынхаа толгойг өвтгөж, орлогыг нь хаахгүй байхад анхаарах ёстой. Засвар хийх нэрээр жилийн жилд ногоон байгууламжуудаа хуулж, мод, сөөгөө тайраад, хэрэглээний усаа хязгаарлан барин шугам хоолойтойгоо “ноцолддог” улс манайхаас өөр байдаг ч юм уу. Үүнийгээ гайхуулах гэсэн шиг өнөө жил бүр ч олон газарт засвар хийх хуваарь гаргажээ. Найман өдрийн турш үргэлжлэх олон улсын физикийн олимпиадад зорьж ирсэн багш, сурагчдын зарим нь халуун усгүй, хүйтэн буудалд байрлаж, Монголын нийслэлийн тухгүй, хоцрогдсоныг гайхаж суугаа ч байж мэднэ.
Жуулчдад зориулсан, олон улсын чанартай тэмцээн, уралдаан ирэх саруудад цөөнгүй болно. Зургадугаар сард гэхэд “Улаанбаатар марафон-2023”, “Талын салхи” олон улсын мото наадам, Дэлхийн экспортыг дэмжих форум, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болохоор буй. Түүний дараа саруудад “К-поп” фестиваль, “Шамбала” олон улсын урлаг, технологийн наадам, Зүүн Азийн залуучуудын спортын наадамтай. Мөн нийслэл, орон нутагт монгол өв соёлын бэсрэг арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээрт оролцохоор гадаадаас цөөнгүй хүн ирэх нь гарцаагүй. Зөвхөн Зүүн Азийн залуучуудын спортын наадамд одоогийн байдлаар 1300 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд буй. Дээрээс нь Үндэсний их баяр наадмыг зорьж ирэх нь цөөнгүй. Тэгэхээр бид ирэх саруудад илүү хариуцлагатай байх шаардлага тулгарлаа. “Байгаа нь л энэ”, “Яах ч аргагүй” гээд тоомжиргүй хандаж болохгүй. Өмнөх алдаанаасаа сургамж аваад, дараа дараагийнхаа арга хэмжээг илүү хариуцлагатай зохион байгуулахад анхаарах нь бидэнд олон талаараа ач тустай. Энэ зун болох спортын наадам угтаад төв зам дагуу цэцгийн мандал олныг байгуулахаар төлөвлөснийг цэцэрлэгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн хэлсэн. Харагдах байдал, орчны өнгө үзэмж чухал ч үйлчилгээ, харилцаа, хандлага үүнээс ч илүү үнэ цэнтэй.
Гадаадын жуулчдыг орон нутгийн зам дагуух зоогийн газарт оруултал тогооч нь (эрэгтэй) орноосоо боссон чигээрээ шалдан шахам хоол хийж жуулчдыг ангайлгасан тухай нэгэн хөтөч мэргэжил нэгтнүүддээ баримттайгаар хуваалцсан байна билээ. Энэ явдлыг нүдээр үзсэн хоёр жуулчин “шок”-нд орсон бол хамт явсан жолооч нь жишим ч үгүй хоолложээ. Монголыг гээд зориод ирсэн жуулчдыг, тэмцээн, уралдаанд оролцохоор зочилсон хүмүүсийг энэ мэт байдлаар хашрааж, жигшээчихгүй юм сан даа. Бид юуны тулд 2023 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарласан билээ дээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл