Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг нь бууруулах, аялал, жуулчлалыг дэмжих зорилгоор МИАТТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн есөн чиглэлд ирэх долдугаар сарын 1-нээс хуваарьт нислэг үйлдэж эхлэх нь. Тодруулбал, Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нисэх юм байна. Тарифыг нь 40-68 хүртэл хувиар бууруулах аж.
Эл шийдвэрийг өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Баян-Өлгий аймаг руу онгоцоор явахад тасалбарын үнэ нь хоёр талдаа 1 600 050 төгрөг байсан бол хямдруулснаар 800 мянга болно гэсэн үг. Ирэх оныг хүртэл МИАТ түрээсээр онгоц авч ашиглана. 2024 оны эхнээс 75 хүний суудалтай, орон нутгийн зориулалттай онгоц ашиглаад эхэлбэл нислэгийн үнэ дахин хямдрах боломжтой” хэмээн мэдээлэв.