“Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох нь” судалгааг “Нийгэм улс төрийн боловсрол” төрийн бус байгууллага, “Зориг” сангийн “Залуу манлайлал” хөтөлбөрийн оролцогчидтой хамтран хийжээ. Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх төрийн өмчийн 40 сургуульд суралцдаг 15-18 настай 1146 сурагчийг уг судалгаанд хамруулсан байна. Өсвөр үеийнхний улс төрийн оролцоо, сонирхол, мэдлэг, мэдээлэл авдаг эх сурвалж, улс орны ирээдүйд итгэх байдал зэргийг эл судалгаагаар тодруулахыг зорьсон аж. Судалгаагаар 15-18 настай сурагчид улс төр сонирхдоггүй, оролцоо сул гэсэн дүн гарав. Мөн тэд улс төрийн суурь мэдлэгийг гэр бүлийн гишүүдээс авдаг хэмээжээ. Түүнчлэн тэд сонгуульд оролцох болбол өөрсдийн байр сууриас илүү бусдын үзэл бодлыг харгалзан сонголт хийх хандлагатай байгааг тогтоосон гэнэ. Үүнээс гадна 15-18 насныхны сонгуулийн талаарх ойлголт бусад насны бүлгийнхнээс илүү сөрөг байжээ. Тодруулбал, тэд сонгуулийг “Мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн”, “Сонгогчдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх байдлаар төрд гарах арга”, “Бохир аргаар төрд шургалах оролдлого” гэх мэтээр тодорхойлсон аж. Дээрх насныхан бас эх орныхоо ирээдүйд итгэдэггүй, гутранги үзэлтэй байгааг уг судалгааны үр дүн харуулсан байна. Тодруулбал, оролцогчдын 10 хувь нь л Монгол Улсын ирээдүй сайн сайхан болно гэдэгт итгэдэг. Үлдсэн хэсэг нь итгэдэггүй, эсвэл эргэлздэг хэмээжээ. Ингэхдээ тэд манай улсад нийгмийн эерэг өөрчлөлт, шударга байдал бий болгох, боловсрол, эрүүл мэнд гэх мэт салбарын тогтолцоог сайжруулах шаардлагатайг илэрхийлсэн байна. Түүнчлэн дээрх насныхны 91 хувь нь нийгмийн эерэг өөрчлөлтөд оролцох хүсэлтэй гэжээ.
Бэлтгэсэн: М.Оч