Улсын драмын эрдмийн театрын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг цуцлах болсон талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ цахим хуудсаараа мэдээлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Зогсоолын үйл ажиллагааг энэ сарын 25-ны дотор бүрэн зогсоож, оронд нь усан оргилуур барихаар зураг төслийг ч гаргажээ. Энэ талаар иргэд “С.Амарсайханы усан оргилуур хүрээгээ тэлсээр байна уу. Сонгууль дөхөөд, мөнгө идэх арга нь усан оргилуур болж дээ. Театрт жүжиг үзэхээр очих хүмүүс машинаа хаана байрлуулах билээ” гэх зэргээр цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлж буй. Тэгвэл тус театрын авто зогсоолын үйл ажиллагааг цуцалж, тохижуулах талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа “Долдугаар сарын 1 гэхэд тохижилтын ажил нь дуусна. Хотын А зэрэглэлийн бүс нь иргэдийн ажиллаж, амьдрах гол газар. Тохижилтын ажлыг олон улсын стандартын дагуу, театрын орчинтой нийцүүлж хийхээр төлөвлөж байна. Хотын зам засвар, арчлалтын компани уг ажлыг гүйцэтгэнэ” хэмээн мэдээлсэн. Бодит байдалд УДЭТ-ыг хувийн хэвшлийн өндөр барилгууд “бүсэлж”, тэнд тохижуулаад байх газар үнэндээ үлдээгүй билээ.
НИЙСЛЭЛ ХЭДЭН ОРГИЛУУРТАЙ ВЭ
Нийслэлийн ИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор Нийтийн эзэмшлийн талбайд байгуулах усан оргилуурт тавих ерөнхий шаардлагыг баталжээ. Үүнийг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн аж. Усан оргилуурыг хамрах хүрээ болон зориулалтаар нь чимэглэлийн болон олон үйлдэлт гэж уг баримт бичигт хоёр ангилсан байна. Нийслэлд нийтийн, хувийн, хотхоны гээд 150 орчим усан оргилуур бүртгэлтэй гэнэ. Тэдгээрээс 50 орчим нь нийтийн зориулалттай усан оргилуур бөгөөд зуны гурван сард л алдаг оног ажилладаг. Бүртгэлтэй усан оргилууруудаас гурвыг нь нийслэлийн Хот тохижилтын газар, бусдыг нь дүүргүүд нь хариуцдаг аж. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгээс үүний талаар тодруулахад “Манайх төв талбайн, Цэрэндоржийн гудамж дахь (Улсын их дэлгүүрийн урд) усан оргилуур, Арслантай гүүрний усан хөшгийг хариуцдаг. Төв талбайн буюу хонхтой усан оргилуурыг зургадугаар сарын 1-нээс ажиллуулж эхэлнэ. Одоогоор 2-3 насос нь эвдэрсэн. Сэлбэгийг нь удахгүй авчирна. Харин Цэрэндоржийн гудамж дахь усан оргилуур ямар ч асуудалгүй энэ долоо хоногийн сүүлчээр хэвийн ажиллана. Арслантай гүүрний усан хөшиг ажилладаггүй. Намайг 2020 онд энэ ажлыг хүлээж авахад л ажилладаггүй байсан” гэлээ. Мөн түүнээс усан оргилуурт ажиллах цагийн хуваарь байдаг, эсэхийг лавлахад “Өдөр бүр 23.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай ч хоёр цаг тутам насосыг нь амраахаар түр зогсоодог” гэсэн юм.
ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ
Урин дулааны улирал эхэлж, иргэд зуны халуунд усан оргилуурын дэргэд чөлөөт цагаа өнгөрүүлж, амрахыг хүсдэг. Гэвч зуны бүгчим өдөр нийслэл дэх усан оргилуурууд үүргээ биелүүлдэг бил үү. Энэ талаар нийслэлийн иргэд нэг ч удаа таатай сэтгэгдэл хэлж байгаагүй. “Зуны гуравхан сар ажиллуулах зүйлд их хөрөнгө зарах нь, улсын төсвийг дэмий зүйлд үрлээ. Усан оргилуур нэртэй ч хуурай оргилуур болжээ” гэх зэргээр үргэлж сөрөг сэтгэгдэл дагуулсаар ирсэн. Үүнийг ч үгүйсгэх аргагүй юм. Хэдэн тэрбумаар нь төсөвлөсөн усан оргилуур нь асуудалгүй ажилладаг бол иргэд шүүмжлэхгүй нь мэдээж. Харамсалтай нь, нийслэлд зуны гурван сард асуудалгүй ажилладаг оргилуур ховор. Барьсан цагаасаа шүүмжлэл дагуулсан Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур 3.2 тэрбумыг “залгисан” ч нөхцөл байдал дээрдээгүй. Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрладаг, 3.2 тэрбум төгрөгийн төсөв бүхий, 85 метрийн урттай, 14 метрийн өргөнтэй, 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур ийм хэмжээний төсөв “залгичихаад” байгаа. 2020 оны зунаас олон нийтэд нээлттэй болсон тус байгууламж өнгөрсөн жилүүдэд байнга л шүүмжлэл дагуулсан ч өдий хүртэл бүрэн ажилладаггүй, эвдэрсэн хэвээрээ байгааг юу гэж ойлгох вэ.
ИРГЭД ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ НЬ ЧУХАЛ
Усан оргилуур нь усыг шахуургын хүчээр дээш олгойдож, цацран бууснаар хүний сэтгэлийг баясгадаг уран барилга, байгууламж юм. Гэвч манай нийслэлд хүний сэтгэлийг сэргээх усан оргилуур алга. Нэр төдий бүтээн байгуулалтууд сүр дуулиантай нээлтээ хийгээд л сар хүрэхгүй хугацаанд эвдэрдэг. Уг нь тоосжилт, хуурайшилт ихтэй манай нийслэлд усан оргилуур олон байх тусмаа л сайн. Гэхдээ оргилуур бариад л орхих бус, бүгд ажилладаг байх гэсэн хатуу шаардлага тавих цаг нэгэнт болжээ. Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн усан оргилуур байгуулж чаддаггүйн учрыг газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мэргэжилтэн, архитектор Ц.Мягмарсүрэнгээс лавлахад “Нийтийн эзэмшлийн усан оргилуур “богино настай” байдгийн гол учирнь төр өмчөө хайхардаггүй. Зураг төсөлгүй, стандартгүй барих, барьсан байгууламжаа тордож чаддаггүйд л гол учир буй. Харуул хамгаалалт сул. Хувийн хэвшлийнхийг анзаараад байхад батлагдсан зураг төслийн дагуу төсвөө зориулж чаддаг, байгууламжаа шууд эзэнтэй болгодог, цаг тухайд нь засаж сэлбэдэг. Түүнчлэн нийтийн өмч гэхээр л сэтгэлгүй ханддаг муухай зан бидэнд бий. Энэ нь хариуцаж буй ажилтан, үйлчлүүлж буй иргэдийн хандлагаас ихээхэн хамааралтай” гэсэн юм.
НЭР ЗЭЭЛСЭН “БАЛГАС” ОЛШРОХ ВИЙ
Төв талбайн зүүн талын цэцэрлэгт байрладаг усан оргилуур орчим хөл ихтэй байв. Хог хаягдал бага, ногоон байгууламжийг нь услаад удаагүй бололтой таатай үнэр ханхийж байлаа. Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Одгэрэл “Цагийн хуваарьтай нь зөрдөг юм уу, төв талбайн усан оргилуурыг ажиллаж байхтай ганц ч таараагүй” гэсэн юм. Цаашлаад ажилладаггүй гэх Арслантай гүүрний усан хөшгийг сонирхлоо. Эргэн тойронд нь тамхины иш, хог ихтэй, ойртоод очиход эвгүй үнэр ханхийж байлаа. Уг нь усан оргилуур тогтмол ажиллаад байвал иргэд дуртай л байна. Гэтэл манайд зуны гурван сард бүрэн ажилладаг усан оргилуур байхгүй. Тиймээс нэмж барих бол тогтмол ажиллагаатай, цэвэрхэн байлгаасай хэмээн иргэд хүсэж байна. “Ард” кинотеатрын автобусны буудал орчмын усан оргилуур ч бас “ажилгүйчүүдийн” эгнээнд шилжээд удаж буй. УДЭТ-ынурд барих усан оргилуур ч ажиллахгүй, хий хоосон байгууламж болж хувирах вий.