Нийслэлийн хэмжээнд өдгөө Яармаг, Зайсан гэсэн хоёр байршилд гүүр барьж байгаа аж. Эдгээр ажлын явцтай өчигдөр холбогдох албаныхан танилцжээ. Тухайлбал, Яармаг буюу Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гүүр барьж буй юм байна. Одоогоор дам нуруу, тулгуур багануудыг барьжээ. Уг ажлын явцын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам, замын байгууламжийг шинэчлэх томоохон ажлуудыг гүйцэтгэж байгаа. Наадамчдын өргөн чөлөөг Эрчим хүчний гудамжтай холбох 483 метр урт гүүрний ажил үргэлжилж байна. Энэ бүтээн байгуулалтад гурван компани оролцож буй. Тэд өнгөрсөн оны есдүгээр сараас ажлаа эхлүүлсэн, одоогоор гүйцэтгэл нь 55 хувьд хүрээд байна. Ирэх есдүгээр сард зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Шинэ гүүрийг ашиглалтад оруулснаар хоногт 23 мянган машин нэвтрүүлж, замын ачаалал 14.9 хувиар буурна” гэв.
Зайсангийн шинэ гүүрний барилгын ажлыг мөн өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд одоогоор тулгуурыг ньхийж, дам нурууг нь тавьжээ. Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Шинэ гүүрийг ашиглалтад оруулснаар хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэх тооцоог албаныхан гаргажээ. Ирэх арванхоёрдугаар сард уг гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн аж.
Бэлтгэсэн: М.Оч