Гэр хорооллын саарал гудамжинд хүүхэд, багачууд шуугилдан сагсан бөмбөг тоглох нь өнгө нэмэх мэт. Оюутан, залуусын барьсан 3x3 сагсан бөмбөгийн талбайд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн хүүхдүүд тоглож байгаа нь тэр. Дүрэмт хувцсаа ч сольж амжилгүй тоглохоор яаран ирсэн сурагчид тус сургуулийн наймдугаар ангид сурдаг аж. “Хичээлээ тараад л шууд тоглодог. Амралтын өдрөөр бол эндээ өнжинө шүү дээ” гэж ярих тэднээс ирээдүйд сагсан бөмбөгийн спортын алдартан төрөхийг үгүйсгэхгүй.
Төслийн багийнхан байгальд ээлтэй, дахин боловсруулсан материал ашиглахыг зорьж, эко хавтан, хаягдал дугуй зэргээр номын сангаа тохижуулсан байна. Нэг номын тавиур гэхэд төслөөс олгосон санхүүжилттэй дүйхүйц үнэтэй байсан учир танил, найз нөхдийнхөө тусламжаар өрөөгөө тохижуулсан аж
Хүүхдийг ивээх сан, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлсний үр дүнд дээрх сагсан бөмбөгийн талбайг барьжээ. Өөрөөр хэлбэл, гэр хороололд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс Баянхошуу, Сэлбэ дэх11 хорооны залуусыг хамруулан, сургалт зохион байгуулж, зургаан төслийг шалгаруулсан байна. Төслийн хүрээнд залуусыг чадавхжуулж, “Залуу элч” сургалт зохион байгуулж, шалгарсан баг “Мэдлэгтэй өрөө”, “Аюулгүйн толь”, “Ногоон сэлбэ”, “Хүүхэд, залуучуудын сургалтын төв”, “Хаягжилт”, “3x3 сагсан бөмбөгийн талбай” гэсэн бичил төслийг өөрсдийн амьдарч буй нутаг дэвсгэртээ хэрэгжүүлжээ. “Гэр хорооллын гудамж, талбайг хүүхдэд аюулгүй, ээлтэй болгох нь бидний зорилго. Хурд сааруулагчгүй шороон зам, гудамжаар хүүхдүүд өдөр бүр сургууль руугаа явж, худгаас ундны усаа зөөдөг. Би эх хүн. Манай багийн гишүүд бүгд ээж. Тиймээс өөрийн болон бусдын үр хүүхдийн аюулгүй байдлыг бага ч болов хангах үүднээс сургууль, цэцэрлэгийн ойролцоох огцом эргэлттэй 10 байршилд аюулгүйн толь байрлуулсан. Зам, тээврийн осол их гардаг, өвлийн цагт гулгаа үүсдэг гудамж, талбайг сонгосон” хэмээн “Аюулгүйн толь” төслийн удирдагч Ч.Ариунзаяа ярив. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн VIII хороонд 15 жил амьдарч буй гэнэ.
-Бид төсөл бүрт 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Ийм бага мөнгөөр залуус их ажил амжуулсанд баяртай байна. Тиймээс ийм төслүүдийг цааш үргэлжлүүлэх бодолтой байгаа. Мөн амьдралд ойр төсөл, хөтөлбөрт сайн дурынхны хүчийг ашиглах боломжтойг олж харлаа.
Өмнө нь тус хороонд аюулгүйн найман толь байрлуулсан бөгөөд тэдгээр нь 60 см-ийн радиустай байж. Харин энэ удаагийн аюулгүйн толь нь 80 см-ийн радиустай, сургууль, цэцэрлэгийн орчимд байрлуулсан гэдгээрээ давуу талтай. Нэгэн зорилгын дагуу нэгдсэн дөрвөн ээжийн аюулгүйн толь байрлуулах ажилд ойр орчмынх нь айлын хүмүүс тусалжээ. Иргэд хүрз, жоотуугаа барьж ирээд газар ухаж, толийг нь суурилуулж өгчээ. Мөн гэр хороололд тулгамддаг асуудлын нэг нь тодорхойгүй, ойлгомжгүй хаяг. Айл өрхийн хаяг нь тухайн иргэний эрүүл мэнд, амь настай холбоотой чухал асуудал болохыг “Хаягжилт” төслийн удирагч Ч.Ариунболор онцолсон. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө тухайн хорооны айл өрхийн 20 орчим хувь нь стандартын шаардлага хангасан хаягтай байсан бол одоо 40 гаруй хувь болж нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн хүүхэд хөгжлийн төвийг залуусын оролцоотой тохижуулах төслийн багийнхан хуучин өрөөг засаж, хана, тааз, шалыг нь будаж, залууст ээлтэй орчин бүрдүүлжээ. Мөн “Сэлбэ” дэд төвийн нэгэн хоосон өрөөг номоор дүүргэсэн бүтээлч залуус бол Л.Цог-Эрдэнэ А.Билгүүн, А.Алтанжаргал нар. Тэд төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт байрлах “Сэлбэ” дэд төвд 400 гаруй номтой, хүүхдийн 200 орчим тоглоомтой “Мэдлэгтэй өрөө”-г бий болгожээ. “Мэдлэгтэй өрөө” 100 хүний багтаамжтай бөгөөд сургуулийн өмнөх нас, оюутан, сурагчид, танин мэдэхүйн ач холбогдол бүхий тоглоомын хэсэгтэй. Төслийн багийнхан байгальд ээлтэй, дахин боловсруулсан материал ашиглахыг зорьж, эко хавтан, хаягдал дугуй зэргээр номын сангаа тохижуулсан байна. Нэг номын тавиур гэхэд төслөөс олгосон санхүүжилттэй дүйхүйц үнэтэй байсан учир танил, найз нөхдийнхөө тусламжаар өрөөгөө тохижуулсан аж. Бага насны хүүхэдтэй ээжүүд уг номын санд очиж, хүүхдээ тоглуулангаа ном унших, бусдаас суралцах, мэдлэг, туршлагаа хуваалцах боломжтой гэнэ.
Л.БАЯН-АЛТАЙ: БАГА МӨНГӨӨР ИХ АЖИЛ АМЖУУЛСАН
Залуус ийнхүү амьдарч буй орчиндоо анхаарал хандуулж, өөрсдийн санал санаачилга, идэвх зүтгэлээр олон нийт, ялангуяа хүүхэд багачуудад үр өгөөжтэй сургалтын төв, номын сан, сагсан бөмбөгийн талбай зэргийг бий болгосон нь сайшаалтай. Энэ талаар Хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч, Монгол дахь хөтөлбөрийн менежер Л.Баян-Алтайгаас тодрууллаа.
-Төсөл хэрэгжүүлэхийн өмнө та бүхэн залуусаас судалгаа авсан гэсэн. Судалгааны үр дүнгийн талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
-Хотын төвийнхтэй харьцуулахад гэр хороололд амьдарч буй залууст ямар хэрэгцээ, шаардлага байдгийг нухацтай судалсан. Судалгаанд нийт 600 гаруй залуусыг хамрууллаа. 30-аас доош насны залуусын дунд ажил эрхлэлт, ажлын байрны нөхцөл, эрүүл мэнд, орон байр, жендер, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар судалгаа авсан. Гэтэл хоёр залуу тутмын нэг нь ажилгүй байсан. Ажил эрхлэгчдийн олонх нь албан бус секторт ямар ч гэрээгүй ажилладаг юм байна. Тухайлбал, барилгын салбар болон автомашины засвар, үйлчилгээнд ажиллах жишээтэй.
-Залуус хэдийгээр өөр өөр төсөл санаачилж хэрэгжүүлсэн ч тэдний зорилго эрүүл, ээлтэй орчин бүрдүүлэх байлаа.
-Тийм ээ. Бүх төсөл тухайн орон нутгийн иргэдэд маш хэрэгтэй байсан. Тухайлбал, гэр хорооллын иргэн ном уншихын тулд хотын төв ормооргүй байна. Хүүхэд, залуус, ахмад настнууд өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ном унших, сурагчид гэрийн даалгавраа хийх боломжтой номын сан байгуулсан төслийг энд дурдъя. Мөн хаягжилт, аюулгүйн толь байрлуулах гээд амьдралын таатай нөхцөл бүрдүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахуйц ажлыг манай залуус хийж чадсан. Сүхбаатар дүүргийн 13 хорооны иргэдийг хамруулсан “Ногоон Сэлбэ” төслийнхөн мод тарих үйлсэд хувь нэмрээ оруулсан. Т.Бүжин ахлагчтай төслийн багийнхан нийт 30 айлд 130 модны суулгац, шимт шороо, гэрчилгээний хамт олгожээ. Мод болгон өөрийн гэрчилгээтэй бөгөөд яаж ургуулах, хэрхэн услах талаарх мэдээлэл багтаасан байна.
-Төслийг цааш үргэлжлүүлэх үү?
-Бид төсөл бүрт 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Ийм бага мөнгөөр залуус их ажил амжуулсанд баяртай байна. Тиймээс ийм төслүүдийг цааш үргэлжлүүлэх бодолтой байгаа. Мөн амьдралд ойр төсөл, хөтөлбөрт сайн дурынхны хүчийг ашиглах боломжтойг олж харлаа.
Бэлтгэсэн: Ч.Болор