Монголын спорт өрөлтийн холбооноос “Улсын чансаа” тэмцээнийг сар бүр зохион байгуулдаг. Энэ сарын тэмцээнд 42 клубийн 4-57 насны 670 гаруй тамирчин хурд, авьяас, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэднээс 158 нь амжилт, ур чадварын үзүүлэлтээрээ шалгарч, тус холбооноос батлагдсан одны болзлыг хангаж, бугуйвчийн эзэн боллоо. Нэг одны болзож хангасан 62 тоглогч цагаан, хоёр одны болзол хангасан 59 оролцогч шар бугуйвч зүүв. Мөн гурван одны болзол хангасан 31 тамирчин улаан, дөрвөн одны болзол биелүүлсэн таван тамирчин нил ягаан бугуйвчийн эзэн боллоо. Тэгвэл таван одны болзол хангасан нэг тамирчин хар бугуйвч зүүжээ. Насны ангилал харгалзахгүй өрсөлдсөн оролцогчдоос “Дархан mindful” клубийн тамирчин, 15 настай Г.Золбоо ганцаарчилсан төрөлд түрүүлж, мөн цикл өрөлтөд шилдгээр шалгаран, цом гардав.