Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ. Тус олимпиадыг анх 2000 онд Индонез улсад зохион байгуулж байжээ. Манай улсын хувьд өмнө нь 2008 онд зохион байгуулж байв. Түүнээс хойш 15 жилийн дараа хоёр дахь удаагаа зохион байгуулж буй уг олимпиадыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Улс орнуудын шилдэг сурагчид оюун ухаанаа уралдуулж, эрдмийн талбарт танилцан нөхөрлөж, мэдлэг чадвар, туршлагаа солилцдог энэхүү олимпиад нь хүүхэд, залуусыг шинжлэх ухаанд дурлуулж, улс орнуудын хөгжлийг түүчээлэх ач холбогдолтой. Ази тивийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчид, алдар нэрээ дуурсгах эрдэмтэд, хүн төрөлхтний мэдлэгийн санг арвижуулах судлаачид, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд та бүхний дунд олноороо бий гэдэгт итгэл төгс байна. Монгол орны минь үүх түүх, өв соёлтой танилцаж, андын сайхан нөхөрлөлийг үүсгэн тавтай морилно уу хэмээн урьж байна” хэмээлээ.
Тус олимпиадад 27 орны240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч оролцож байгаа аж. Энэхүү олимпиадыг эх орондоо зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, хөгжлийн түвшин, сурагчдын мэдлэг, чадварын баримжаа гаргах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой хэмээн нээлтэд оролцож буй эрдэмтэд хэлж байлаа. Мөн эл олимпиадыг эх орондоо зохион байгуулахдаа онолын болон туршилтын бодлогыг Монгол Улсын багш, эрдэмтэд бие даан зохиожээ. Ингэхдээ бодлого, дадлагад нийцүүлсэн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг захиалгаар хийлгэж, бэлэн болгосон байна. Түүнчлэн иж бүрэн лабораторийг олимпиадын дараа ерөнхий боловсролын сургуулиудад хуваарилах аж. Манай улсад физикийн 1000 орчим багш бий бөгөөд тэдний мэдлэг чадвар, туршлагыг нэмэгдүүлж байгаа нь Азийн 23 дугаар олимпиадын бас нэг үр дүн гэдгийг салбарын яамнаас онцоллоо.