Уулнаас авсан байж болзошгүй мод тээвэрлэн Улаанбаатар хотын чиглэлд явж буй том оврын ачааны машины зургийг нэгэн иргэн энэ сарын 20-нд олон нийтийн сүлжээнд оруулсан нь иргэдийн анхаарлыг татсан. Тэрбээр “Улаанбаатар дахь цаазын тавцан руу явж буй модод. Ингээд байвал тэрбум мод нэмж тарих бус, хасах болно” гэсэн тайлбар бичсэн байв. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар энэхүү мэдээллийн дагуу хэргийг шалгуулахаар Экологийн цагдаагийн албанд ханджээ. Байгалийн ойгоос мод шилжүүлэн суулгахыг өмнө нь зөвшөөрдөг байсан бол 2022 оны аравдугаар сард гаргасан БОАЖ-ын сайдын тушаалаар үүнийг 2030 он хүртэл хориглосныг албаны хүмүүс хэлж байна. Уг тушаалд “Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийг зохистой ашиглах, хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг хангах зорилгоор түймрийн болон эрчим хүчний шугам сүлжээний зурвас байгуулах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордтой давхацсанаас бусад тохиолдолд ойн сангаас зулзаган мод шилжүүлэхийг 2030 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хориглосугай” гэжээ. Тодруулбал, улсын стратегийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад өртсөн модноос бусдыг нь шилжүүлэн суулгахыг хориглосон аж.