Нийслэлийн иргэд замын түгжрэлээс зайлсхийх, мөн эрүүл мэнддээ анхаарч алхах нь нэмэгдсэн. Тиймээс явган хүний зам, талбай аюулгүй, алхахад төвөггүй, хүрэлцээтэй байх зэрэг нь чухал. Нийслэл болон дүүргүүд сүүлийн хэдэн жилд бүтээн байгуулалт багагүй хийснээр замын чанар, стандарт өмнөхөөсөө харьцангуй дээрдсэн. Тухайлбал, хотын төвд явган хүний зам харьцангуй хүртээмжтэй болоод буй. Нийслэлийн хэмжээнд нийт 1064 км явган хүний замтай. Хийц бүтээцийн хувьд бетон хавтан, цутгамал, байгалийн чулуугаар хийсэн байдаг аж. Гэхдээ зарим газар шинээр тавьсан замын хавтан хоёр жил ч бололгүй ховхорч унах, эвдэрч хонхойсноос иргэд явахад хүндрэлтэй болсон нь ч бий. Жишээ болгож X хорооллоос Баруун дөрвөн зам хүртэл алхахад зам хүртээмжтэй байгаа, эсэхийг сурвалжилснаа хүргэе.
Х хорооллын цэцэрлэг, сургуулийн ойролцоох зам, орон сууцын туслах болон явган хүний шороон замуудыг дөрвөн жилийн өмнө тохижуулснаар оршин суугчид аюулгүй, ая тухтай орчинд зорчих нөхцөл бүрдүүлсэн юм. Гэхдээ тус хорооллын орон сууцуудын дундах замаар явахад давчуухан, ялангуяа машины зогсоол, орц, гарц хэсгээр явахад анхаарал болгоомж дээд зэргээр шаарддаг. Тухайлбал, “Доктор авто сүлжээ”-нээс зүүн тийш сургуулийн сурагчид, цэцэрлэгийн багачууд зам хөндлөн гарахад маш бэрх. Учир нь явган хүний зам дагуу жолооч нар машинаа зайгүй шахам байрлуулчихдаг. Замын эсрэг талд нь “Сайхан булган” орон сууцын хотхоны автомашины орц, гарцыг явган хүний замын хоёр ч хэсэг газарт тулган хийжээ. Үндсэндээ энд орчны аюулгүй байдал алдагдсан гэж хэлж болно. Үүний улмаас хүүхдүүдэд болгоомжтой явах шаардлага үүсдэг. Орон сууцын хороолол дундах явган хүний зам хүрэлцээ муутай. Ихэвчлэн замын нэг талаар л зорчих боломжтой.
ЗАМЫН АРЧЛАЛТ, ХАМГААЛАЛТ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Дэлгүүр, кафе, үйлчилгээний газрууд явган хүний зам руу түрж өргөтгөл хийсэн, довжоо, хайс зэрэг нь иргэдийн хөдөлгөөнд саад учруулахаар жишээ цөөнгүй бий. Баянгол дүүргийн VI болон XXX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ-Аз” хүнсний дэлгүүр, “Соронз” караоке, мини маркет, орон сууцын VIII байрны “Энх-Идэр” эмийн сан зэрэг үйлчилгээний байгууллага явган хүний зам руу түрж өргөтгөл хийжээ. Энэ мэт асуудлыг цэгцлэх шаардлагыг иргэдээс холбогдох байгууллагуудад тавьж, гомдол ч гаргадаг гэнэ. Гэсэн ч үүнийг цэгцлэх газар байдаггүй бололтой. Уг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр тавьсан явган хүний замыг байнгын ашиглалтад оруулснаас хойш тохижилт, арчлалт хамгаалалтыг нь дүүргүүд хариуцдаг юм билээ.
Х хорооллын автобусны буудлын орчимд аюулгүй байдал нь алдагдсан хэд хэдэн зам бий. Авто замын гэрлэн дохионы орчимд хэсэг зам хонхойж, 10 гаруй хавтан эвдэрснээр явган зорчигч тойрч гарахаас аргагүйд хүрчээ. Өмнө нь бүр явган хүний зам дээр ТҮЦ эгнүүлэн байршуулсан байв. Харин саяхнаас тэдгээрийг шилжүүлэн байрлуулж, явган хүний замыг чөлөөлжээ. Ер нь автобусны буудалд байрлуулсан ТҮЦ-үүдийн ойр орчмын явган хүний зам голдуу эвдэрсэн нь ажиглагдсан. Тухайлбал, Х хороолол болон 25 дугаар эмийн сан, “ТБД андууд”-ын автобусны буудлын ТҮЦ-үүдийн ойр орчимд зам нь нэлээд эвдэрсэн харагдлаа. Х хорооллын туслах замд орших “Синус дочи” ХХК-ийн урд шинээр тавиад удаагүй замын хавтангуудын ихэнх нь хуучирчээ. Ялангуяа харааны бэрхшээлтэй, сул хараатай иргэдэд зориулсан хөтөч хавтангийн тэмдэглэгээ нь үйрч, баларчээ. Энэ нь бусад хавтанг бодвол чанарын хувьд муу, богино хугацаанд элэгдэхээр материалаар хийгдсэн гэхээр харагдсан. Ийм маягаар явган хүний замд тулгарч буй хамгийн түгээмэл асуудал нь тэгш гадаргуу нь алдагдах, хавтангууд нь ховхрох гэж тодорхойлж болохоор аж.
Орхон захын залгаа “Кёкүшю товер”-ын урд замын 20-иод метр газрын хавтанг ховхлоод, ойр хавьд нь овоолжээ. Энэ хавиар зорчих иргэд нэг хэсэгтээ л шороон замаар явахаас өөр аргагүй бололтой. Хавтангуудыг ховхолсон ч ямар нэгэн ажил хийж эхлээгүй бараг сарын хугацаа өнгөрч буй талаар ойролцоо нь алхаж буй хоёр иргэн хэлсэн юм. Харин 25 дугаар эмийн сангаас Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замын чанар, бүрэн бүтэн байдалд нь сайн “дүн тавьж” болохоор санагдсан. Зам дагуух байршлуудад иргэд амарч суух сандлуудтай, эвдэрсэн хэсэг ч харагдаагүй юм.
У.САНЧИР: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД ЗОРЧИХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛНЭ
Улаанбаатар хотын явган хүний замын хүртээмжийг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдэх, аюулгүй байдлыг хангахын тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд Дугуйн ба явган зам тохижилтын хэлтсийг шинээр байгуулаад буй аж. Нийслэлийн есөн дүүрэг дэх эвдрэлтэй зам, талбайн судалгааг гаргаж, аль байршилд засвар хийх, шинээр хаана барих шаардлагатай зэрэг мэдээллийг дээрх хэлтсийнхэнд ирүүлдэг гэнэ. Дугуйн ба явган зам тохижилтын хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Санчираас зарим зүйл тодрууллаа.
-Танайх иргэдээс ирүүлдэг санал гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/16 дугаар захирамжаар, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих нөхцөл бүрдүүлэхэд анхаарч анх удаа Дугуйн ба явган хүний зам тохижилтын хэлтсийг байгуулсан. Зорчигчийн урсгал, хөдөлгөөн ихтэй, зам тавих нэн шаардлагатай байршлуудын судалгааг гаргасны үндсэн дээр бүтээн байгуулалт болон тохижилтын ажил хийдэг. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болон 1111 дугаарын утсаар манай хэлтэст ирүүлсэн иргэдийн санал гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлэж байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд, оршин суугчдын саналаар шаардлагатай байршлуудад явган хүний замыг тавих нөхцөл бүрдүүлэн ажилладаг. Иргэдээс голдуу явган хүний зам тавьж, зорчих хэсгийг нэмэгдүүлэх талаар санал ирүүлдэг юм. Мөн дүүрэг, хороодоос ч саналыг нь авч бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэдэг.
-Энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Улаанбаатар хотын ерөнхий менежерийн хот, нийтийн аж ахуйн тохижилтын урсгал зардлаас 25 000 ам метр явган хүний замыг шинээр тохижуулна. Үүний хүрээнд 20 орчим байршлын судалгаа гаргаад, шинэчлэх ажлуудыг эхлүүлсэн. Тухайлбал, 23 дугаар дунд сургуулийн зүүн талаас Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн урд уулзвар хүртэлх нэг чигийн урсгалтай замыг өргөсгөх ажлыг эхлүүлсэн. Мөн АШУҮИС-ийн урд талын түр зогсоолын үйл ажиллагааг зогсоож, явган хүний замыг шинэчлэн өргөтгөх зэрэг ажлыг дурдаж болно. Эдгээр замын ихэнх хэсгийг өмнө нь автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байсан.
-Явган хүний замын хавтанг яагаад стандартын дагуу тавихгүй байна вэ?
-Бид орчны аюулгүй байдал, тав тухыг хангуулж, стандартад нийцсэн зам тавиулахад анхаарч ажилладаг. Нийслэлийн ИТХ-ын 2022 оны ээлжит бус тавдугаар хуралдааны тогтоолоор 14 бүлгийн 38 стандартыг батлуулсан. Үүний дагуу явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага, баталсан стандартуудыг мөрдүүлж, ажлын даалгавар, тусгай нөхцөлд тусгуулж байна. Бидний үзэж буйгаар бүтээн байгуулалтад ашиглаж байгаа материалын чанараас шалтгаалж хавтангууд хагарч бутрах асуудал үүсдэг. Саяхан Авлигатай тэмцэх газраас явган хүний болон авто замын хашлагатай холбоотой санал гомдол, хэрэг, зөрчлүүд, цаашид авах арга хэмжээ, шийдэл зэрэг цогц асуудлын хүрээнд мэргэжлийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бид тус хэлэлцүүлэгт бүтээн байгуулалтын гол ажлуудад стандартыг хэрхэн хангуулж ажилладаг болон гүйцэтгэгч байгууллагын шалтгаан нөхцөлийг материалын чанар болон элэгдэл хорогдол талаас нь тайлбарласан. Гүйцэтгэгч байгууллагууд ажлаа чанартай хариуцлагатай хийх, цаашид материалын асуудалд хаа хаанаа анхаарах цаг болжээ гэж үзэж байгаа.