Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Улаанбаатар трэвэл экспо” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 19-21-нд “Мишээл экспо” төвд ес дэх удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээг олон улсын хэмжээнд, “Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо”-ны гишүүн аймаг, хотуудыг хамруулан зохион байгуулснаараа онцлог байв. Үүнд дотоод, гадаадын 180 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны гэрээ, хэлцэл хийв. Ес дэх удаагийн үзэсгэлэнгийн уриа нь “Бүх нийтийн боловсролыг дээшлүүлж, зөв аялъя” байсан юм . Иймд мэргэжлийн агентлаг, тур операторуудаас гадна аяллын клубүүд оролцож, байгальд ээлтэй, зохистой хэрхэн аялах тухай мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд өглөө. Цайны замын аялал жуулчлалыг хөгжүүлэх түншлэлд нэгдсэн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх, Манжуур болон Эрээн хот, ОХУ-ын Буриад улсын бизнес эрхлэгчид манай орны иргэдэд бүс нутгийнхаа онцлог аяллын хөтөлбөрүүдийг энэ өдрүүдэд танилцуулав. Түүнчлэн манай улсын зорилтот зах зээл болсон БНСУ-ын аялал жуулчлалын байгууллага (KTO) урилгаар оролцжээ. Ингэснээр уг арга хэмжээнд нийт дөрвөн улсын аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид хамрагдсан байна. “Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо”ны гиш үүн байгууллагуудын уулзалтын үеэр Монгол, Орос, Хятад улсын компаниуд цайны замын маршрутын дагуу авто, мото болон хүүхдийн аялал хамтран зохион байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл