...Ер нь айлууд дутуу ажлуудаа өөрсдөө хийцгээсэн. Гаднах тохижилтыг бол тэр чигт нь хийгээгүй. Гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, усны хаялга зэргийг хийж өгөх ёстой. Гэрээндээ ч тусгасан, зураг төсөлд нь ч бий. Олон ажил дутуу учраас байраа хүлээлцэж, газрынхаа гэрчилгээг ч авч чадахгүй өдий хүрлээ. Байнга шаардаж, асууж байгаа. Дутуу ажлуудаа хэзээ хийж дуусгахыг нь мэдэхгүй” хэмээн ярьсан юм...
Барилгын компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлаа хугацаанд нь дуусгалгүй иргэдийг хохироох тохиолдол олон. Сүүлийн жилүүдэд ийм явдал бүр ч гаарлаа. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр далимдуулан захиалагчдаа цаг хугацаа, санхүүгээр нь хохироох тохиолдол дэндүү олшров. Үүний нэг жишээ бол “Хадат вилла” хэмээх амины орон сууцын төслөөрөө танигдсан “Цоба” ХХК. Тус компани Сүхбаатар дүүргийн XX хорооны нутагт орших Хадатын аманд 2014 оноос төслөө хэрэгжүүлж эхэлсэн. “Хадат вилла-1” төслөө 2014 онд хэрэгжүүлснээс дөрвөн жилийн дараа “Хадат вилла-3”-аа эхлүүлсэн байдаг. Гэтэл “Цоба”-гийнхан ажлаа бүрэн дуусгаагүй, орон сууцаа хүлээлцээгүй, захиалагчдынхаа санал, гомдлыг ч шийдвэрлээгүй атлаа “Хадат вилла-4” хэмээх дараагийн төслөө эхлүүлээд байна.
“Хадат вилла-3” хотхон 55 хаусаас бүрдэж буй. Үүний хамгийн сүүлчийн ээлжийн хауснуудыг 2021 онд ашиглалтад оруулах хуваарьтай байсан ч одоо хэр нь захиалагчдадаа бүрэн хүлээлгэж өгсөнгүй. Гэрээнд тусгасан гаднах тохижилтын ажлуудаа огт хийгээгүйн зэрэгцээ зарим сууцын нэмэлт ажлуудыг ч дуусгалгүй орхижээ. Өнгөрсөн лхагва гарагт тус хотхоны сүүлчийн ээлжийн хаус бүхий хэсэгт очлоо. Газар шилгээчихсэн аятай ундуй сундуй байдал угтав. Зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, явган хүний зам гээд орчны тохижилт ер алга. Овоолсон шороо, чулуу, тоосго энд тэндгүй хөглөрч байв. Барилгын компанийнхныг ажлаа дуусгахыг хүлээж ядсан зарим захиалагч хувиасаа хөрөнгө гаргаж шаардлагатай зарим зүйлээ хийгээд, байрандаа санд мэнд оржээ. Хоёр айлын хүнтэй уулзав. Аль аль нь гүйцэтгэгч компанийнхныг ажлаа дутуу хийсэн гэж ярилаа. Тэдний нэг нь “Гэрээний дагуу бол манайх 2021 оны эхээр сууцаа хүлээж авах байсан. Гэвч ажил нь удааширч, төлөвлөгөөнөөсөө нэлээд хоцорсон учир 2022 онд байрандаа орсон. “Цоба”-гаас материалаа гаргуулаад, зарим дутуу ажлаа өөрсдөө хувь хүнээр хийлгүүлсэн байдаг. Ер нь айлууд дутуу ажлуудаа өөрсдөө хийцгээсэн. Гаднах тохижилтыг бол тэр чигт нь хийгээгүй. Гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, усны хаялга зэргийг хийж өгөх ёстой. Гэрээндээ ч тусгасан, зураг төсөлд нь ч бий. Олон ажил дутуу учраас байраа хүлээлцэж, газрынхаа гэрчилгээг ч авч чадахгүй өдий хүрлээ. Байнга шаардаж, асууж байгаа. Дутуу ажлуудаа хэзээ хийж дуусгахыг нь мэдэхгүй” хэмээн ярьсан юм.
Ажлууд нь дутуу учраас сууцандаа орж чадахгүй, хүлээж буй айл ч цөөнгүй байна. Иргэн Н гэхэд амины орон сууц захиалгаар бариулах гэрээг “Цоба”-тай 2021 оны гуравдугаар сарын сүүлчээр байгуулжээ. Гэрээнд тусгаснаар бол ажлын гүйцэтгэлийн үндсэн хугацаа нь тухайн оны наймдугаар сарын 20-нд дуусах байж. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулснаас таван сарын дараа талууд сууцаа хүлээлцэх ёстой байсан гэсэн үг. Түүнчлэн гаднах талбайн тохижилт болон зүлэгжүүлэлтийн ажлыг 2021 оны есдүгээр сарын 30-ны дотор дуусгаж, захиалагчид хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгажээ. Гэтэл тус компанийнхан өнөөдрийг хүртэл гаднах тохижилтоо хийгээгүй, зарим нэмэлт ажлаа ч дуусгаагүй байгааг тэрбээр хэллээ. Уг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр “Цоба”-гаас тус захиалагчид мэдэгдэл хүргүүлж, нэмэлт ажлуудаа тухайн сарын 10-ны дотор хийж дуусгах төлөвлөгөө гаргаснаа танилцуулжээ. Гэвч тэр нь бас л “цаасан малгай” байж. Үндсэндээ энэ айлын тухайд орон сууц хүлээлцэх хугацаа дууссанаас хойш нэг жил есөн сар орчим хүлээж буй юм.
Биднийг “Хадат вилла-3” хотхонд очих үеэр хэсэг залуус нэгэн хаусны хойд талд газар шорооны ажил хийж байлаа. Тэд өөрсдийгөө “Цоба”-гийн ажилтнууд хэмээн танилцуулсан бөгөөд нэгэн айлын усны шугам чулуун дээр таарсан учир хаяавчийг нь өндөрлөж засахаар ажиллаж байна гэж тайлбарлав. Харин тэндхийн оршин суугчид тухайн айл хувийн зардлаараа уг доголдлыг засуулахдаа тулаад буйг дуулгасан юм. Гүйцэтгэгч компанийнхан эхнээсээ энэ бүхнийг тооцоолж, ажлаа хариуцлагатай хийсэн бол ийм асуудал үүсэхгүй байв. Яагаад ийм алдаа гаргасан, засварын ажлаа хэдийд дуусгахаар төлөвлөснийг залуучуудаас асуухад “Ганц энэ байшин дээр л ийм асуудал үүссэн. Бусад нь зүгээр. Хаяавчийг нь өндөрлөөд л болчихно” гээд зугтах нь холгүй яваад өгөв.
“Хадат вилла-3” хотхонд олон давуу тал байгааг оршин суугчид хэлж байлаа. Өндөрлөг газар, ой модны захад байрладаг учраас харууц сайтай, цэвэр агаартай, чимээ шуугианаас хол гэхчлэн байгалийн тогтцоос шалтгаалсан давуу талууд бий аж. Түүнчлэн хотхоны төлөвлөлт, зохион байгуулалтыг ч сайшаасан юм. Эхний ээлжид барьсан хауснуудын гаднах хэсэг, нийтийн эзэмшлийн талбайг үлгэр жишээ тохижуулсныг зарим нь онцлов. Биеэр очиж, нүдээр үзэхэд үнэхээр л тийм байлаа. Ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камер гээд аюулгүй, тав тухтай амьдрахад шаардлагатай орчны тохижилтыг бүрэн хийжээ. Харин сүүлчийнхээ ажил дээр ийнхүү хариуцлага алдсан нь үхрийн сүүлэн дээр хутга гэгч болсон бололтой. Оршин суугчдын хэлж буйгаар “Цоба”-гийнхан зарим ажлаа туслан гүйцэтгэгчидтэй хамтран хийдэг байж. Харин сүүлийн үед ажил удааширсан шалтгаанаа цар тахлаас үүдэлтэй санхүүгийн хямрал, хүн хүчний нөөцтэй холбоотой гэж тайлбарлах болжээ. Гэвч тэд ийнхүү бэрхшээл тоочиж буй атлаа “Хадат вилла-3”-аас ганцхан амны цаана “Хадат вилла-4” хэмээх 250 айлын сууц барих шинэ төслөө эхлүүлээд буй нь захиалагчдыг бухимдуулж байна. Шинэ төслийнх нь талбайд очиход ажил ид өрнөж байлаа. Хүмүүс ч холхилдоод, хүнд машин механизмууд ч зэхээстэй харагдав. Дөрөв дэх төслийнхөө хүрээнд канад модон технологи бүхий хауснууд барихаар төлөвлөжээ. “Хадатын хөндийд Монголын анхны эко сууринг цогцлооно” хэмээн мэдээллийн хуудсуудаар төлбөртэй сурталчилгаа түгээгээд сүйд. Энэ бүхэн тус компани мөнгөгүй, боломжгүйг биш, сэтгэлгүй, хариуцлагагүйг нотлон харуулж байна. Санхүүгийн хямралд орсон компани ийм томоохон шинэ төсөл эхлүүлэх нь юу л бол. Уг нь өмнөх төслөө бүрэн дүүрэн дуусгаж, захиалагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нүүр бардам биелүүлж байж л дараагийнхаа ажлаа эхлүүлмээр сэн. Энэ нь дараа дараагийн төслөө амжилттай хэрэгжүүлэх суурь, юу юунаас ч илүү сайн “маркетинг” болох байв. Даанч тэд үүнийг мэддэггүй бололтой.
Үүсээд буй асуудалтай холбогдуулан “Цоба”-гийнхнаас тайлбар, мэдээлэл авахаар оффист нь очлоо. Өчнөөн олон хүн байсан ч үүнд хариулт өгөх ажилтан олдсонгүй. “Бид мэдэхгүй”, “Хадат вилла-3”-ыг хариуцсан хүн энд байхгүй”, “Манай удирдлагууд энд байдаггүй” гээд хавьтуулсангүй. Өөрийгөө Заяа хэмээн танилцуулсан бүсгүй холбогдох албан тушаалтнууддаа энэ талаар дуулгаад, эргээд хариу хэлье хэмээн учирласан боловч гурав хоног таг чиг. Аргаа бараад холбогдож асуухад “Хариуцсан хүн рүү нь зурвас бичсэн. Хариу өгөөгүй байна” гэв. Түүнчлэн “Цоба” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Баасандорж, барилга хариуцсан захирал Ц.Амарболд нартай холбоо тогтоох гээд барсангүй. Утас нь холбогдохоосоо холбогдохгүй нь олон аж. “Хадат вилла-3”-т хаус захиалаад хохирсон иргэдийг “Цоба”-гийнхан яг ийм байдлаар үл ойшоосоор иржээ. Тус хотхоны СӨХ-г хариуцаж буй оршин суугчдын нэг нь “Доод талын найм буюу хамгийн сүүлд барьсан хауснуудын ажил нэлээд дутуу байгаа. Гаднах тохижилтыг нь бараг хийгээгүй. СӨХ хариуцаж буй хүний хувьд оршин суугчдынхаа санал хүсэлтийн дагуу байнга шаардлага тавьдаг. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд компанийнхантай очиж уулзахад хөрөнгө оруулалт байхгүй, яаж ч чадахгүй гэсэн. Өчигдөр (энэ сарын 18-нд) дахиад л шаардлага хүргүүлсэн. Удирдлагууд нь олддоггүй юм билээ” гэв. Хотхоны хэмжээнд яаралтай шийдвэл зохих, компанийн буруугаас үүдэлтэй гэж хэлж болохоор асуудлууд байгааг ч тэрбээр хэлсэн юм.
“Цоба” ХХК болон захиалагчдын хооронд үүссэн энэхүү нөхцөл байдал барилгын салбарын хяналт, хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Нийтийн зориулалттай орон сууцыг улсын комисс хүлээн авч, баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн барилгыг барьсан компани холбогдох хууль, журам, стандартын дагуу ажлаа бүрэн гүйцэд хийсэн үү гэдгийг комисс дүгнэдэг. Нэг ёсондоо энэ нь тухайн барилга, байгууламжид хүн амьдарч, үйл ажиллагаа явуулж болно гэсэн зөвшөөрөл болдог юм. Тэгвэл амины орон сууцын хувьд ийм зохицуулалт, хатуу хяналт байдаггүй аж. “Амины орон сууцын инновац хөгжлийн төв” НҮТББ-ын мэргэжилтэн “Энэ төрлийн сууцын хувьд улсын комисс хүлээж авах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Төрөөс ямар нэг хяналт байхгүй гэж ойлгож болно. Хотхонуудын хувьд ч ялгаагүй. Шаардлагатай тохиолдолд захиалагч өөрөө Барилгын хөгжлийн төв ч юм уу, эсвэл зөвлөх инженерүүдийг хянагчаар ажиллуулах боломжтой” гэсэн юм. Хотын стандарт, хяналтын газрынхан ч үүнтэй ижил мэдээлэл өглөө. Иргэд захиалагчийн хяналтын талаар төдийлөн сайн мэддэггүй учир гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаа, хэрэгжилтэд тэр бүр анхаардаггүй гэнэ. Үүний үр дүнд энэ мэтчилэн асуудал үүсдэг аж. Сүүлийн үед барилгын салбар эрчимтэй хөгжиж, хотын төвөөс алслагдмал газруудад амины орон сууцын хотхон, хороолол олноороо бий болж буйн хэрээр чанаргүй барилга барих, захиалагчдыг хохироох тохиолдол ихэссэнийг мэргэжлийн хүмүүс ч хэллээ. Тэгэхээр хуулийн цоорхой, хийдэл гэж хэлж болохуйц эл асуудлыг шийдэхэд анхаарах цаг болжээ. Үгүй бол энэ чиглэлд туршлагатай, томоохонд тооцогдох компаниуд нь ч хариуцлага алдаж, захиалагчдаа хохироож эхэллээ. Үүний тод жишээг “Цоба” ХХК харуулж байна.