Монголбанк болон Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах бичил төсөл, хөтөлбөрүүдэд буцалтгүй тусламж, санхүүжилт олгох зорилгоор сан байгуулж, өнгөрсөн оны аравдугаар сараас иргэд, аж ахуйн нэгжүүдээс төслийн санал хүлээн авч эхэлсэн билээ. Тэгвэл тус сангийнхан эхний ээлжид 34 төсөлд санхүүжилт олгохоор шалгаруулснаа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийг ногоон байгууламжтай болгох, олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлт хийх, тогтвортой хөгжлийн мэдлэг, экологийн боловсрол олгох гэсэн үндсэн гурван чиглэлээр төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад197 санал ирүүлсэн аж. Үүний 100 нь ойжуулалт, нөхөн сэргээлт, 62 нь экологийн боловсрол, 35 нь сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжтай холбоотой төсөл байжээ.
Сургалтын байгууллагуудыг цэцэрлэгжүүлэх чиглэлд шалгарсан төслийн хүрээнд долоон дүүргийн 20 гаруй сургууль, цэцэрлэгийг энэ онд ногоон байгууламжтай болгох аж. Харин ойжуулах, нөхөн сэргээх зорилтын хүрээнд нийслэлийн гурав, орон нутгийн дөрвөн байршилд мод тариулахаар сонгожээ. Олон нийтэд экологийн боловсрол олгох чиглэлээр МУИС-ийн Экологийн боловсролын төв, “Марчаахай” студи, “Миний клуб” зэрэг долоон байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна. Шалгарсан 34 төсөлд1.34 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ. Эдгээрийг хэрэгжүүлснээр 37 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж, 20 мянган ам метр газарт ногоон байгууламж бий болгон, 105 мянга гаруй мод тарьж, 800 мянга орчим хүнд экологийн боловсрол олгох боломжтой гэж тооцжээ. Тэрчлэн 72 ажлын байр бий болгож, шинэ гурван технологи нутагшуулан, 18 мянга гаруй хүүхдийн амьдрах орчныг сайжруулах боломжтой гэж үзэж байна.