Сөүл хотод албан томилолтоор ажиллаж буй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-гийн ерөнхийлөгч И Юүн Ёнтай уулзлаа. Тус байгууллага нь 1995 онд Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа нээснээс хойш хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “КОЙКА өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, эдгээр нь нийгэмд эерэг нөлөө үзүүлж, үр дүнгээ өгсөөр буйд талархал илэрхийлье. Хамтын ажиллагааны хүрээний төслүүдийн хэрэгжилтийг хангах, үр дүнд хүргэх, БНСУ-ын техник, технологийн шийдлийг нутагшуулахад хотын удирдлагууд онцгой анхаарч ажиллаж байна. Цаашид манай хотын хөгжилд хувь нэмрээ оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна” хэмээлээ.
КОЙКА-гийн ерөнхийлөгч И Юүн Ён “БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага 1991 онд байгуулагдсан. Монгол Улсад нийт 300 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр дундаа Тогтвортой хөгжлийн 10 төслийг одоогоор хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ дадлагажуулах, чадавхжуулах сургалтуудыг тогтмол хийж, 207 монгол албан хаагчийг БНСУ-д сургаж байгаа” гэсэн юм.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, эдийн засаг, бизнесийн томоохон төслүүдийн талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, түгжрэлийг бууруулах хүрээнд тавих шинэ тойрог зам, хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтын талаар тэрбээр онцолж байв.
Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд гурван чиглэлд хамтарч ажиллах боломжтойг талууд онцолсон. Тухайлбал, сайн засаглалыг бэхжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн Улаанбаатар хотод хийх томоохон бүтээн байгуулалтын судалгаа, ТЭЗҮ-ийн шинэчлэл, ажлын болон техникийн зураг төсөл хийх, инновацыг нутагшуулах, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтын ажиллагаагаа чиглүүлэх талаар хэлэлцлээ.
Ташрамд дурдахад, КОЙКА-гаас 2024 онд хэрэгжүүлэх төслийн саналд ерөнхий боловсролын сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Сургуулийн бүс” төсөл эхний шатанд шалгарсан. Энэхүү төслийн хүрээнд сургуулийн эргэн тойрон дахь 300 метрийн радиуст замын тэмдэг, тэмдэглэгээ, замын байгууламжийг олон улсын жишигт нийцүүлэн, сургуулийн сурагчдад зориулсан тээврийн үйлчилгээний шинэ менежментийг нэвтрүүлэх юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 16 сургуулийн орчимд “Сургуулийн бүс” байгуулах талаар төсөлд тусгасан.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан томилолтын хүрээнд “Ти-Мони” ХК-ийн ерөнхий захирал Ким Тэ Кыгтэй уулзлаа. Талууд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн төлбөрийн системийг сайжруулах талаар санал солилцсон юм. БНСУ-ын Сөүл зэрэг томоохон хотын нийтийн тээвэрт төлбөрийн картын үйлчилгээ үзүүлдэг тус компани нь энэ чиглэлээр Улаанбаатартай хамтран ажиллаж буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд таксины үйлчилгээг нэмэгдүүлэх, стандартад нийцүүлэх арга хэмжээ авна. Эхний ээлжид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй 2000 таксийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж буй. Үүнтэй, мөн хотод өрнөж байгаа бусад бүтээн байгуулалттай холбоотойгоор нийтийн тээврийн төлбөрийн системийг илүү боловсронгуй болгох, энэ чиглэлд шинэ шийдэл нэвтрүүлэх шаардлага үүсээд буй. Тиймээс бид төлбөрийн картын системийг шинэчлэх, дэд бүтцийг шийдэхэд цаашид хамтран ажиллах боломжтой. Ерөөс улсын, хотын хамтын ажиллагаанд бизнесийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч Улаанбаатар хотын зүгээс үүнийг дэмжиж ажилладаг” хэмээлээ.
“Ти-Мони” ХК-ийн ерөнхий захирал Ким Тэ Кыг “Албан томилолтын хүрээнд “Ти-Мони” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж буйд талархал илэрхийлье. Манай байгууллага Улаанбаатарын нийтийн тээврийн төлбөрийн “U Money” үйлчилгээтэй хамтран ажиллаад нэлээд хугацаа өнгөрсөн. Эхэн үедээ тулгарч байсан стандарт, дэд бүтцийн асуудлуудыг амжилттай шийдээд нийтийн тээврийн ухаалаг картын үйлчилгээг үзүүлж байна. Цаашид Сөүл, Улаанбаатар болон байгууллага хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэж харж байна” хэмээв.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Тус компанитай хамтран Улаанбаатарт нийтийн тээврийн төлбөрийн системийг нэвтрүүлээд долоон жил болж байна. Энэ хугацаанд гурван сая гаруй карт зарагдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд өдөр бүр 1.4 сая гаруй төлбөр тооцоог энэ картаар хийдэг болсон. Цаашид Улаанбаатар хотод нэвтрүүлэх их багтаамжийн тээврийн хэрэгслүүд, таксины үйлчилгээнд зориулан “U Money” картыг олон үйлдэлтэй болгох талаар уулзалтын үеэр хэлэлцлээ. Ингэснээр нийтийн тээврээр зорчихоос гадна авто зогсоолын төлбөр төлөх зэрэг олон боломж бүрдэнэ” гэсэн юм.
Энэ чиглэлд хамтран ажиллах, технологи, шийдлийг нэвтрүүлэхэд нийслэлийн Нийтийн тээврийн газар БНСУ-ын “Ти-Мони” компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.