Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house”, “Эгэл баатар” гэсэн зургаан багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Жуулчин” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Засгийн газраас 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, “Welcome to Mongolia” хэмээн жуулчдыг урин, даллаж байна. Энэ онд гэхэд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд буй. Тэртээ 2002 онд, 20 гаруй жилийн өмнө Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор “Discovery Mongolia” буюу “Монголд зочлох жил” болгон зарлаж байв. Энэ түүх 21 жилийн дараа давтагдаж буй нь энэ. Гэхдээ жуулчин хүлээн авах нэг хэрэг. Хүрээд ирсэн хүмүүсийг ая тухтай байлгаж, дахин зочлох сэдэл төрүүлэн буцааж, дараагийн жуулчдаа нүүр бардам угтана гэдэг бас өөр хэрэг.
Манай улс жилд дунджаар 230 мянган жуулчин хүлээн авдаг юм байна. Үнэндээ тэд нийслэл Улаанбаатарыг биш, Монголын хөдөө, онгон дагшин байгаль, уул ус, малчдын амьдрал, нүүдэлчин ахуй, өнө эртний үүх түүхийн өв, улбааг үзэж, танилцах гэж ирдэг. Гэсэн хэдий ч Улаанбаатарт түр саатахдаа олонх нь Жуулчны гудамжаар орох нь лав. Бидний ярьж заншсанаар “Бөмбөгөр” захын баруун урд уулзвараас “Урт цагаан”-ы урдуур, Монголын үндэсний музей хүртэл Жуулчны гудамж үргэлжилдэг. Төв талбай, Төрийн ордноос авхуулаад Монголын үндэсний музей, Хэлмэгдэгсдийн хөшөө, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, их дэлгүүрүүд, зах, худалдааны төв, гар утасны худалдаа, үйлчилгээ, валют арилжааны цэгүүд гээд жуулчдын заавал ордог олон газар эл гудамжинд бий. Харин бараг балгас болчихсон, жуулчдыг үргээдэг нь “Урт цагаан”. Уг нь түүх сөхвөл Их хүрээ 1778 онд одоогийн байршилд нүүн, суурьшихад үүссэн, худалдааны анхны төв гудамж нь өнөөгийн “Урт цагаан” юм. Орос, Англи, Япон, Төвд, Хятад зэрэг орны пүүс, дэлгүүрүүд худалдаа эрхэлдэг байсныг нийслэлийн түүх судлаач Г.Очбаяр нэгэнтээ өгүүлсэн байдаг. Хэзээнээсээ л их хөлийн газар байж. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн, 2002 онд Жуулчны гудамж хэмээн нэрийдсэн түүхтэй. Аялал жуулчлалын салбартаа онцгой анхаарал хандуулж, “Зориод ирээрэй” хэмээн зочлон, даллаж буй энэ цаг дор Жуулчны гудамж нь жуулчдыг үргээдэг байж таарахгүй. Шинэ биш атлаа дуусдаггүй, дарга нар нь дундаа “хаячихсан” “Урт цагаан”-ыг шинэчлэх ажлыг “Монголд зочлох жил”-дээ бодитой эхлүүлье.
Уг гудамжийг “Жуулчны” хэмээн тодотгох болсон 2002 оноос “Урт цагаан”-ыг хэрхэх тухай ярьсан гэхэд болно. Нураагаад, шинээр барих шийдвэр гаргаж, эхлүүлсэн ч түрээслэгчдэдээ “загнуулаад” л байж буй. Энэ хугацаанд түрээслэгчгүй байсан спорт хороо (“Хоршоолол” нийгэмлэгийн)-г нурааж, хашаа татсанаас өөр “өөрчлөлт” гарсангүй. Үнэндээ “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулж буй хүмүүс “жинхэнэ эзэн” нь биш. Эзэн суусан цөөн хэдэн хүнээс дам, дамжуулан түрээсэлж буй. Ний нуугүй хэлэхэд, “ерөнхий түрээслэгч” хэмээх гарын арван хуруунд багтах “том”-чууд төрийн өмчөөр “мөнгө хийгээд” сууж байгаа хэрэг. Цахилгаан, ус, дулааныг нь таслаад ч түрээслэгч нартай төр учраа олж чадахгүй байна гэсэн үг. Иймд Засгийн газар оролцоод ч болов эцэс, төгсгөлдгүй эл маргаанд цэг тавих цаг болжээ. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил” ажиллагааны хүрээнд төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн гишүүд, төрийн өмчийн байруудын түрээслэгчдийг ил болгосон. Харин“Урт цагаан”-ы түрээслэгчид нууц хэвээрээ л байгаа. Жуулчны гудамжаа жуулчдыг үргээдэг, эх орны нэр нүүрийг гутаадаг биш, зочдын цуглардаг, татагддаг газар болгоё.
М.ЭНХБОЛД: 2005 ОНООС ТҮРЭЭСЛЭГЧ КОМПАНИУДЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХИЙГ ЗОГСООСОН УЧРААС “УРТ ЦАГААН”-Ы ӨНГӨ ЗҮС ДОРОЙТОХООС АРГАГҮЙ
Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан”-ыг шинэчлэх ажил яагаад урагшлахгүй, улам бүр уруудан навсайж байгаа шалтгааныг нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн менежментийн хэлтсийн дарга М.Энхболдоос тодрууллаа.
-“Урт цагаан”-ыг шинэчлэх тухай яриа шинэ биш. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс үүнтэй холбоотой ямар шийдвэр гаргаж байсан, яагаад өнөөдрийг хүртэл ажил хийгдэхгүй байгаа талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн өмчийн III байрыг 2008 онд нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан ч тухайн үеийн удирдлага энэ ажлыг хийгээгүй, зогссон. Ингээд 2013 онд буюу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн үед тухайн барилгыг буулгаж, шинэчлэх ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэх төслийг эхлүүлсэн байдаг. Сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлчихээд байхад шүүхийн маргаанаас болж энэ ажил гацсан. Тодруулбал, 1990-ээд оноос хойш тухайн объектыг түрээсэлдэг, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн учраас өөрсдөө хувьчилж авах ёстой гэж үздэг 34 аж ахуйн нэгж бий. Хувьчлаад авчихвал өнгө үзэмжийг нь сайжруулж, шинэчлэх ажлыг нь өөрсдөө хийнэ гэсэн байр суурийг тэдгээр аж ахуйн нэгжээс илэрхийлдэг. Тэдний хувьд нийслэлийн төр, захиргааны зүгээс хуурч, байрнаас нь гаргах гэж байна гэдэг үүднээс концессыг эсэргүүцэж, шүүхэд хандсан түүхтэй. Шүүхийн маргаан ч гурван жил үргэлжилж, түрээслэгч аж ахуйн нэгжийн талд шийдэгдсэн. Иймд концессын гэрээгээр шинэчлэх төслийг үргэлжлүүлж чадаагүй.
Ер нь 2005 оноос түрээслэгч компаниудыг хөрөнгө оруулалт хийхийг зогсоосон учраас “Урт цагаан”-ы өнгө зүс доройтохоос аргагүй. Нэгэнт мэргэжлийн хяналтын байгууллагаас “Ашиглаж болохгүй” гэж дүгнэлт гаргасан учраас Нийслэлийн өмчийн газраас сонгон шалгаруулалт зарлаж, шинэчлэх ажлыг 2019 онд эхлүүлсэн юм. Тухайн үед нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажиллаж байсан. Барилга, зураг төслийн компаниуд сонгон шалгаруулалтад оролцож, гурвыг нь сонгосон. Шалгарсан зураг төслүүд нь одоо ч манайд бий. Ингэхдээ түрээслэгч компаниудад хамтран ажиллах санал тавихад тэд бас л итгээгүй, зөвшөөрөхгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлттэй холбоотойгоор ус, дулаан, цахилгааныг нь “хаасан” ч түрээслэгч аж ахуйн нэгжүүд төрийн бус байгууллага байгуулан, түүгээрээ дамжуулж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-тэй гэрээ байгуулан эрчим хүчээр хангуулж буй.
Тэдгээр аж ахуйн нэгж энэ объектыг хувьчилж авах ёстой гэж үзээд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандчихсан байгаа юм билээ. Хууль, шүүхтэй холбоотой нарийн мэдээлэл алга. Ийм л нөхцөлд байна. Төсөв мөнгө тавиад, одоо байгааг нь засаж, янзалж болно. Үүнд мөнгө хэрэгтэй. Нөгөө талаас хотын өнгө үзэмж, өөр бусад шалтгаан гээд аль ч талаас нь харсан буулгаад шинээр барих нь зүйтэй гэж үзэж үе үеийн удирдлага шийдвэр гаргасан байдаг.