Холбогдох албаны хүмүүс дулааны шугам засварын ажил хийх нэрийдлээр Бага тойрог дахь нийтийн эзэмшлийн гудамжинд байсан том моднуудыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тайрсан нь шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл ийм шалтгаанаар дахиад долоон мод тайрахаар төлөвлөж байгаа аж. Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг, Цаг уур, орчны шинжилгээний газар орчим дахь томоохон моднуудыг хашаалж эхэлсний учир шалтгааныг холбогдох хүмүүсээс тодруулахад ингэж хэлсэн юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн зохицуулагч Э.Мөндөр “Шугам засварын ажилтай холбоотойгоор насжилт өндөртэй 14 мод тайрахаар төлөвлөсөн. Үүний зарим нь цаг уурын байгууллагын ойролцоо бий.
Тэдгээрийг тайрахаар төлөвлөж, хашаалсан. Залуу, эрүүл моднуудыг тайрахгүйгээр шилжүүлэх суулгана. Бага тойрог орчим дахь дулааны шугам насжилт өндөртэйгөөс ачааллаа дийлэхээ больсон. Ноднин гэхэд 7-8 удаа цоорсон. Шинэчлэхээс аргагүй. Засаж сайжруулахгүй бол тэр хэвийн айлуудын паар хөлдөх эрсдэлтэй учраас Дэлхийн банкнаас зээл аваад, төсөл хэрэгжүүлж байна. Хэн мод сүйтгэхийг бодох вэ дээ. Бид энэ маршрутын дагуу зам чөлөөлөх шаардлагатай гэсэн хүсэлтийг нийслэлд тавьдаг. Харин нийслэлийнхэн мэргэжлийн компаниудаар моддыг тайруулдаг” гэв. Гэтэл тус ажлыг хариуцан гүйцэтгүүлдэг гэх Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сүхбат мэдээлэл өгөхөөс татгалзаж, “Төслийн захиалагч (ЭХЯ)-аас асуу” гэв.