Монгол Улсын 12 удаагийн аварга, “Elite snooker” клубийн тамирчин, ОУХМ Б.Нарантуяа “British women’s open-2023” олон улсын тэмцээнд өрсөлдөж байна. Тэрбээр эхлээд Австралийн тоглогч Анна Линчи, дараа нь Английн Эмма Паурс Ричардсоныг тус бүр 2:0-ээр хожив. Түүнчлэн хэсгээ тэргүүлж байсан, дэлхийд амжилтынхаа чансаагаар V байрт бичигддэг, Английн аварга Жэми Хантерийг 2:1-ээр илүүрхжээ. Ингэснээр хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан юм. Манай тамирчин хасагдах шатны тоглолтод мөн дэлхийн шилдгүүдийн нэг, чансаагаар VI байрт эрэмбэлэгддэг Эмма Паркерыг 3:1-ээр буулган авч, шөвгийн 16-д үлджээ. Түүний дараагийн хүндхэн учраа нь дэлхийн 12 удаагийн аварга, Английн домогт тоглогч Риан Эванс байх нь.