Жил бүр Сэлбийг сэргээх зорилготой нэг төсөл танилцуулдаг “моод” манай улсад тогтож байх шиг. Нийслэлийн ЗДТГ “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах” гэсэн ерөнхий нэртэй, хотын төв хэсэг орчим дахь голын эргийг тохижуулж, амралт зугаалгын бүс болгох, урсац сайжруулах зорилготой төсөл хэрэгжүүлэхээр болсноо өнгөрсөн онд зарлаж байв. Үүний хүрээнд голын эх хэсэгт 5.5 метр гүн, 130 гаруй мянган шоо метр ус хуримтлуулах, урсцын тохируулга хийх хиймэл нуур байгуулахаар төлөвлөснийг мэргэжилтнүүд тухайн үед мэдээлсэн. Засгийн газар энэ ажлыг дэмжсэний дагуу нийслэлээс төслийн нэгж байгуулж, холбогдох тооцоо, судалгааг хүртэл гүйцэтгүүлсэн байдаг.
Түүгээр ч зогсохгүй Итали улсын үндэсний зөвлөл, Хөгжлийн инновац, үйлчилгээ судлалын институттэй үүнийг хамтран хэрэгжүүлэхээр болсноо, төслийн нэгжийнхэн хот, төлөвлөлт, ландшафтын чиглэлээр туршлагатай АНУ, БНСУ-ын багтай гар нийлэн ажиллахаар зөвшилцсөнөө сүр дуулиантайгаар зарлаж байлаа. Хачирхалтай нь, эл төслийн нэгжийг мэргэжлийн бус, ямар ч туршлагагүй, олны танил нэгэн эмэгтэйд хариуцуулсан нь ил болсноор олон нийт Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах санаачилгыг үгүйсгэж, элдэв хардлага дэвшүүлэн, эсэргүүцсэн билээ. Нийгэм даяараа тус асуудлыг хэлэлцсэн гэхэд болно. Энэ нь эцэстээ төслийн нэгжийн 2023 оны үйл ажиллагааны зардалд төсөвлөсөн 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зогсоож, татан буулгах шийдвэр гаргахад нөлөөлсөн юм. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Сэлбэ голын төсөл санхүүжилтгүй болсон учир нэгжийг нь татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүллээ” гэж өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдсэнээр хэдэн сарын турш хэрүүлийн алим болсон тус төсөлтэй холбоотой дуулиан намжсан билээ. Тэгвэл одоо нийслэлийнхэн Сэлбийг сэргээх ээлжит төлөвлөгөөгөө боловсруулаад байна. Төслийн нэр нь “Сэлбэ сэргэлт”.
Нийслэлийн ерөнхий архитектор асан, өдгөө Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар ажиллаж буй Н.Нацагдорж үүнийг санаачилж, урьдчилсан зураг төслийг нь гаргажээ. Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр төслийн үзэл баримтлалыг дэмжих шийдвэр гаргаснаар нийслэлийнхэн бэлтгэл ажилдаа оржээ. Өдгөө төслийн зураг төсөл боловсруулах ажлыг нийслэл, бүтээн байгуулалтыг БХБЯ хариуцаж буй гэнэ. Сангийн яамнаас “Сэлбэ сэргэлт” төслийн нэгжийн орон тоог баталсны дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах зар тавьжээ. Уг нэгж нь дарга, ахлах мэргэжилтэн, геологи, геодез, хайгуулын судалгаа хариуцсан болон авто зам, төлөвлөлтийн, холбоо дохиоллын, цахилгааны инженер, бичиг хэргийн ажилтан гэсэн 11 хүний орон тоотой байх гэнэ. Тэрчлэн төслийн хүрээнд барих авто замын трасст өртөж буй инженерийн шугам сүлжээний огтлолцол, заагийг тогтоох ажлыг холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын ерөнхий менежерийн үүрэг, чиглэлийн дагуу гүйцэтгэж байгаа аж. Шинэ төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессор энэ сарын эхээр Улаанбаатарт ажиллаж, голын ай савыг тохижуулж, сэргээн засварласан туршлагаа манай улсын мэргэжилтнүүдтэй хуваалцжээ. Үндсэндээ “Сэлбэ сэргэлт”-тэй холбоотой их ажил нийслэлд энд тэндгүй үргэлжилж байна. Харин эцсийн дүндээ энэ их ажлын үр дүн гарах уу, өмнөх төслүүдийн адил замхрах уу гэдэг нь дахиад л бөөн эргэлзээ дагуулах болов. Ялангуяа сонгууль ойртсон, Засаг солигдох дөхсөн эгзэгтэй цаг үед таарсан нь бүр ч их эргэлзээ, хардлага төрүүлж буй юм. Өнгөрсөн жил яалаа даа. Дээрх төслийн хүрээнд гадаадын баахан судлаач, эксперт урилгаар ажиллуулсан шүү дээ. Манай улсын мэргэжилтнүүд өөрсдөө ч туршлага судлах нэрээр БНСУ руу явцгаасан. Төслийн нэгж байгуулж, төсвийн мөнгөөр өчнөөн хүн цалинжуулсан. Гэвч үүнийхээ үр ашгийг огт гаргаагүй.
2023 онд багтаан хэрэгжүүлнэ хэмээн ярьж буй “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сэлбэ, Дунд гол дагуу 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, явган хүний болон дугуйн 43.2 км зам, 68 зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн шинэ чиглэл үүсгэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл 21.6 км авто барьж, түүнийг дагасан нийтийн тээврийн сүлжээ байгуулж, гол дагуух зарим хэсгийг иргэдэд зориулан тохижуулах гэнэ. Энэ бүхнийг хийхдээ голын ай сав, экосистемийг хөндөхгүй, байгаль орчинд хохирол учруулахгүйгээр гүйцэтгэх зорилт тавьжээ. Гол дагуу авто зам байгуулснаар үерийн эрсдэлээс сэргийлэх далантай болж, улмаар хотын агаарын чийгшил нэмэгдэж, уур амьсгал зөөлрөх сайн талтай гэж тооцсон байна. Архитектор Н.Нацагдорж “Өнгөрсөн хугацаанд санаачилсан олон салангид төслийг нэгтгэж, “Сэлбэ сэргэлт”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Газар чөлөөлөлтийн хүндрэл бэрхшээл, зардлыг хамгийн бага байлгахаар тооцоолж төлөвлөлт хийсэн” гэж дурдав.
Албаны хүмүүс аль сайхан бүхнийг л ярьж байна. “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлснээр голоо ч аврах, нийслэлчүүдийн толгойн өвчин болсон түгжрэлийн асуудлаа ч давхар шийдэх боломжтой гэх. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан олон тулгуурт нийтийн тээвэр бий болгох ажлын хүрээнд үзэл баримтлал нь дэмжигдсэн тус төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн экосистемийг тэнцвэржүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай зам бий болгох замаар түгжрэл бууруулах, гол дагуух инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын барилгажилтыг эрчимжүүлэх, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх олон талын ач холбогдолтой” гэж ярьсан бол БХБ-ын сайд Ц.Даваасүрэн “Энэ жилийн хамгийн том ажил нь Сэлбийн бүтээн байгуулалт байна. Үүнийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Төслийн зураг төслийг зургадугаар сард багтаан дуусгаж, долдугаар сараас ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөсөн” хэмээн ам гарчээ.
Энэхүү төслийн онцлог нь Сэлбэ голыг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зангилаа гэж үзсэнд байгаа юм. Тийм ч учраас голд түшиглэн дэд бүтцийн томоохон ажлууд хийхээр төлөвлөж. Төсөл санаачлагчид болон хэрэгжүүлэхээр ажиллаж буй хүмүүс үүнийг байгальд ээлтэйгээр гүйцэтгэх бүрэн боломжтой гэж ухуулсаар байгаа. Харин байгаль орчны салбарынхан ихэд болгоомжилж байна. Тэд “Зам, барилгын ажлыг голын экосистемд халгүйгээр хийх ярвигтай. Ялангуяа манайх шиг стандарт, журам мөрддөггүй, энэ чиглэлийн ажлын туршлагагүй улсад бүр хэцүү” гэж анхааруулсаар. Сэлбэ голын өнөөгийн нөхцөл хүндхэн байгаа нь ч энэ болгоомжлолыг улам лавшруулж буй. Зарим нь одоогийнхоос улам дордуулах вий гэж болгоомжлохдоо “Сүр бараатай, төсөв өндөртэй зүйл хийгээд хэрэггүй. Гүйх зам, суух сандалтай байхад л хангалттай” хэмээн зөвлөж байна. Голын ойр орчимд зам, барилгын ажил хийх тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг маш сайн хийх шаардлагатайг ч туршлагатай хүмүүс анхааруулж эхэллээ. Төслийг санаачилсан архитектороос үүнтэй холбоотой олон асуултад хариулт авахаар хандсан ч томилолтоор явсан байж таарав. Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтний өгүүлж буйгаар “Сэлбэ сэргэлт”-ийг хэрэгжүүлэхэд багадаа 300-500 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гаргасан ч одоогийн байдлаар үүнийг бүрэн шийдээгүй, зураг төсвийнх нь л зардлыг хуваарилаад буй гэх. Сэлбийг сэргээх ээлжит “туршилт”-ын санхүүжилтийн “тоолуур” хэдийн гүйгээд эхэлжээ.