Авто замын түгжрэлийг бууруулахаар хотын төвд их багтаамжийн буюу давхар зогсоол барихаар сонгон шалгаруулалт зарлажээ. Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Их багтаамжийн давхар зогсоолын төсөл”- ийг хэрэгжүүлэхээр ийнхүү сонгон шалгаруулалт зарласан бөгөөд ирэх сарын 5 хүртэл материал хүлээн авах аж. Тус төслийн хүрээнд шалгарсан аж ахуйн нэгж нь өөрийн хөрөнгөөс санхүүжилт гаргаж, хоёр байршилд дөрөв болон долоон давхар авто зогсоолын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Цаашлаад гэрээний хугацаанд төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг явуулж, менежментийг нь хариуцах тухай “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан давхар авто зогсоол нийслэлд хэд байдаг, тэдгээр нь бүрэн ажилладаг эсэх, хотын төвд, сургуулийн орчим давхар зогсоол барих нь хэр зөв шийдэл болохыг сурвалжиллаа.
Давхар зогсоол барих нь гадаадын улс орнуудад түгээмэл аж. Харин манай улсад хувийн хэвшлийнхний барьсан цөөн тооны зогсоолыг эс тооцвол энэ нь шинэ ажил юм. Нийслэлээс тодорхойлсон хоёр байршилд давхар зогсоол барих ажлыг иргэд, оршин суугчид эсэргүүцэж буйгаа цахим сүлжээнд илэрхийлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн зүүн талд болон ерөнхий боловсролын II сургуулийн ар талд гэсэн хоёр байршилд давхар зогсоол бариулахаар нийслэлээс тодорхойлсон нь буруу гэж иргэд эсэргүүцэж байгаа аж. Учир нь энэ хоёр байршлын нэгт буюу Цирк орчимд Улаанбаатар хотын нийтийн номын сан, 31 дүгээр, “Сант”, “Элит”, эсрэг талд нь Монгол, Оросын хамтарсан III сургууль байрладаг. Сүхбаатар дүүргийн II хорооны оршин суугч Г.Сумъяа “Хотын төвд бага ч гэсэн амьсгалах орон зай үлдээхгүй нь. Энд зогсоол барих тийм өргөн уудам талбай байна уу” хэмээв. Мөн “Тоосгон гараашнуудаас салж, ногоон байгууламжтай болох нь гэж баярласан”, “Хүүхдийн хөл тасардаггүй сургуулийн ойр орчимд авто зогсоол барих шийдвэрийг дэмжихгүй байна. Хүүхдэд ээлгүй улс гэдэг нь энэ мэт зүйлээс тодорхой харагдах юм” гэсэн шүүмжлэлийг иргэд хэлж байлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн II хороо “Монгол шаазан” ХХК-ийн баруун талд байсан 33, VII хороо буюу нийслэлийн ерөнхий боловсролын II сургуулийн хойд талын 32 гараашийг буулгаж, чөлөөлсөн байршилд нь ийн давхар авто зогсоол байгуулахаар шийдвэрлэжээ.
БОДИТ БАЙДАЛД ЮУ БОЛОВ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар төвийн зургаан дүүрэгт зөвшөөрөлгүй, тоосгон гараашуудыг буулгаж буй. Гараашийг нь буулгасан байршлуудад газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх чиглэлээр тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам зэрэг ажлыг дүүргүүд өөрсдийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа аж. Гэтэл нийслэлээс замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төвийн дүүргүүд дэх гараашийг нь чөлөөлсөн байршлуудад судалгаа хийж, давхар зогсоол барихаар төлөвлөснөөр ийнхүү сонгон шалгаруулалт зарлаад буй юм билээ. Сүхбаатар дүүргийн VII, VIII хороонд нийт 123 тоосгон гарааш байгаа гэнэ. Үүнээс VII хороонд байсан гараашуудыг буулгаж, иргэдийн саналын дагуу доороо дулаан зогсоолтой, дээрээ тоглоомын талбайтай, ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр төлөвлөжээ. Гэтэл уг газрыг нь нийслэлээс “булааж”, зогсоол барихаар болчихсон аж.
Зогсоолыг төлөвлөхдөө оршин суугчдаас санал авсан, эсэхийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Я.Өнөртүвшингээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аар дамжуулж түүврийн аргаар 2500 иргэнээс санал асуулга авсан” гэсэн юм. “Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд” гэх сүржин тодотголтой энэ ажил нь эсрэгээрээ иргэд, оршин суугчдын амар тайван байдалд сөргөөр нөлөөлөх юм биш биз гэдгийг олон хүн илэрхийлж байв. Иргэд амьдарч буй хотхон, сургуулийнхаа ойр орчим гарааш, авто зогсоол бус, ногоон байгууламжтай болохыг л хүсэж буй.
ДӨРВӨН ДАВХАР ДУЛААН ЗОГСООЛ “АЛГА БОЛЖЭЭ”
Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 онд нийслэлд 70 орчим байршилд авто зогсоол байгуулна хэмээн мэдэгдэж байсан. Үүнээс гадна дөрвөн давхар, 400 автомашины дулаан зогсоол барина гэж байлаа. Түүнчлэн авто зогсоолуудын төлбөртэй байршлуудыг бий болгохоор Австрийн “Вейс” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаа ч тухайн үеийн нийслэлийн удирдлага мэдээлж байв. Гэсэн ч уг төлөвлөгөө талаар өнгөрч, давхар зогсоолууд “алга болжээ”. “Улаанбаатар дэлхийн жишигт нийцсэн хот байх ёстой. Тиймээс авто зогсоол нь ч дэлхийн стандартад нийцсэн байх ёстой” гэдгийг үе үеийн эрх баригчид байнга хэлдэг ч бодит байдалд сайжирсан нь үгүй. Улаанбаатар хотод одоогоор нийт 216.97 га талбайд 72 667 автомашины зогсоол байгаа хэмээн бүртгэжээ. Үүнээс олон нийтийнх 36 907, орон сууцын гаднах 22 450, албан байгууллагын зогсоолуудад 11 297 автомашин зогсох хүчин чадалтай гэсэн байна. Түүнчлэн давхар зогсоолд 1610 автомашин зогсох боломжтой төдийгүй авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлж, шинэчлэн байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Улмаар 2022-2026 онд давхар зогсоол 4620, газар доорх зогсоол 3755 байхаар төлөвлөснийг тухайн үед мэдээлж байсан билээ.
ТӨРӨМЧӨӨ ХЯМГАДСАНГҮЙ
Их багтаамжийн зогсоолын барилгын ажил, менежментийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэр сайн хийж буйг “Улаанбаатар” зочид буудлын газар доорх, “И-март” сүлжээ дэлгүүрийн давхар зогсоол бэлхнээ харуулна. Тэдгээр нь ямар ч асуудалгүйгээр ажилладаг юм билээ. Гэтэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд байрладаг, төрийн хөрөнгөөр барьсан давхар зогсоол огт ажилладаггүй. Зогсоолын ажилтны хэлснээр уг зогсоолд“Приус” загварын автомашин л зогсох боломжтой гэх. Энэхүү давхар зогсоолын угсралтын ажлыг “Ай Ти партнерс” ХХК гүйцэтгэсэн бөгөөд эзэмшигч нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг аж. Уг зогсоолыг яагаад ажиллуулдаггүй талаар дээрх компаниас тодруулахад “Зөвхөн “Приус” биш, суудлын машины зориулалттай бүх загварын машины зогсоол. Манай компаниас гэрээний дагуу угсраад, хүлээлгэж өгсөн. Гэтэл өмчлөгч нь тодорхойгүй байснаас болж бид өөрсдийн зардлаар хоёр сар ажиллуулсан юм. Хоёр жилийн баталгаат хугацаа нь өнгөрсөн оны аравдугаар сард дууссан. Он гарахын өмнөхөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн өмчид шилжүүлсэн гэсэн. Бид үүргээ биелүүлсэн ч одоо болтол нийслэлийн Замын хөгжлийн газраас гэрээний үүргээ биелүүлэхгүй, барьцаа төлбөр өгөхгүй найман сар өнгөрлөө. Манай компани ч алдагдал хүлээлээ. Төр өмчөө хямгадахгүй, хайхрамжгүй хандаж байж хувийн хэвшлийг л буруутгадаг. Түүнчлэн эмнэлгийн хашаанд байх хогийн цэгт архичид гал тавьснаас болж цахилгааны утсыг нь шатаасан” гэв.
Газар дээр нь очиход зогсоолын доод талд нь нэг л машин байв. Дээд давхруудад нь машин байхгүй, нар салхинд гандсан, мэдэхгүй нэгэнд давхар зогсоол бус, паркийн тоглоом шиг л сарайсан төмөр байв. Уг нь энэ нь есөн метр өндөртэй, найман машины хоёр зогсоол аж. Харин авууштай нь аюулгүй ажиллагааны горим нь монгол, англи хэлээр, угсарсан компанийн хаяг, утасны дугаар нь байлаа. Төсвийн хөрөнгө “уйлдаггүйн” тод жишээ энэхүү давхар зогсоол юм. Энэ маягаар төрийн албаныхан дахиад л давхар зогсоол барих нэрээр төсвийн хөрөнгийг үрж, иргэдэд халтай зүйл бий болгох вий гэж болгоомжилж байна.