Нийслэлийн Байгаль орчны газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтнүүд ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсэд хортон шавжийн тархалтын судалгаа хийж байна. Хамтарсан багийнхан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэн, Өвгөнт, Жаргалант, Арцат, Нүхт, Хүүш, Зайсан, Бага тэнгэр, Залаат, Бумбат, Төр, Шажин хурах, Хүрхрээгийн аман дахь 12 300 га талбайг хамруулсан судалгаа хийгээд 3600 га талбайд ойн хөнөөлт шавж голомтлон тархсаныг тогтоожээ. Сибирийн хүр, Якобсоны төөлүүрч, шинэсний шилмүүс хуйлагч зэрэг шавж зонхилж байсан гэнэ. Хортон шавжийн тархалтын судалгааг нийслэл, орон нутагт хийсний дараа устгалын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл