Цаг уур, орчны шинжилгээний газраас 2023 оны зуны саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас 2.5 градусаар хүйтэн байсан бол энэ сарын эхний хагасын байдлаар нутгийн баруун хагаст ахиу хур тунадас орж, сэрүүссэнийг дурдав. Харин зургаа, долоо, наймдугаар сарын агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, баруун болон говийн бүсийн зарим хэсэгт дунджаас дулаан байх төлөв гарчээ. Хур тунадасны хувьд мөн л баруун болон говийн аймгуудад олон жилийн дунджаас бага орох төлөвтэй буй гэнэ. Үүний улмаас тухайн бүс нутагт хэт халах, хуурайшилт, түймэр гарах нь нэмэгдэх, ган гачиг болох эрсдэлтэйг цаг уурч Б.Жаргалан анхаарууллаа.
Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи шуурга ихтэй буй. Тэгвэл энэ байдал тавдугаар сар дуустал хадгалагдах нь. Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, маргааш ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга дэгдэх урьдчилсан төлөв гарчээ. Иймд малчид, тээвэрчид, орон нутагт зорчиж буй иргэдийг цаг агаараас үүдэлтэй аюулт болон гамшигт үзэгдлээс сэргийлэхийг санууллаа. Хуурайшилтын ид үед хүчтэй салхи шуурга дэгдэх нь түймрийн эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг. Тиймээс өнжмөл шар өвс шатаахгүй, ногоон бүсэд ил, задгай гал гаргахгүй байхыг иргэдэд онцгойлон анхааруулав.