Улсын хэмжээнд багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг энэ сарын 15-наас орон даяар эхлүүлсэн. Үүний хүрээнд сурагчдаас шалгалт авах гэтэл 2В харандаа хомсодсон, энэ харандааг хайж сурагч, эцэг, эх, асран хамгаалагчид цаг заваа барсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархав. Бас яагаад заавал энэ харандааг шаардсан юм бол гэх эргэлзээ ч олон нийтийн дунд бий болсон юм. Боловсролын үнэлгээний төвийнхөн өчигдөр үүнд тайлбар хийв. Тус байгууллагаас “Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад заавал 2В харандаа, баллуур ашиглах ёстой гэсэн шаардлага манай байгууллагаас тавиагүй. 6-12 дугаар ангийн шалгалтын хариултын хуудас нь элсэлтийн ерөнхий шалгалтынх шиг бөгөөд хүний оролцоогүйгээр буюу зориулалтын төхөөрөмжөөр хариуг автоматаар гаргадаг. Тиймээс бид 2В буюу түүнтэй дүйцэхүйц стандартын харандаагаар шалгалтын хуудсыг бөглөхийг санал болгодог. Өөрөөр хэлбэл, зургийн хичээлдээ ашигладаг модон харандаагаа ашиглаж болно” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн 2B харандаа хомсодсон, эсэхийг бичиг хэргийн худалдаа эрхлэгч хэд хэдэн иргэнээс лавлахад тийм асуудал үүсээгүй хэмээлээ.