НҮБ жил бүрийн тавдугаар сарын 22-ныг Биологийн олон янз байдлын өдөр болгох санаачилгыг 1992 онд гаргасан. Тэгвэл 32 дахь удаагийн тэмдэглэлт өдрийг дэлхий нийт “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Манай улс Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцод нэгдсэний 30 жилийн ой өнөө жил тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн тэмдэглэлт өдрийн үйл ажиллагааг долоо хоногийн хугацаанд буюу 16-22-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. БОАЖЯ олон улсын байгууллагуудтай хамтран энэ сарын 16-19-нд дөрвөн салбар хуралдаан явуулах гэнэ. Энэ үеэр Дэлхийн байгаль хамгаалах сан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв зэрэг байгууллагынхан биологийн олон янз байдлын сэдэвт бүтээлийн үзэсгэлэн дэлгэх нь. Түүнчлэн Монгол орны ховор амьтан, ургамлын мэдээллийг агуулсан “Байгаль”, “Хөдөө гаръя” аппликэйшнийг танилцуулахаар төлөвлөжээ. Харин 22-нд олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээхэд чиглэсэн, талуудын оролцоог хангасан арга хэмжээ зохион байгуулах юм байна.