Энэ онд нийслэлд хийх дулаан, цахилгаан, цэвэр усны шугамын засвар, шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр мэдээллээ. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах урсгал засвар, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 24 байгууллага 644 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн авто зам, гүүрний байгууламж, инженерийн шугам сүлжээ, дэд төвийн барилга байгууламжийн ажлаас гадна дүүрэг бүрт нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилт хийх аж. Хотын зарим гудамж, талбайд өөрчлөлт хийх, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэхдээ иргэдэд чирэгдэл, саад учруулахгүйгээр зохион байгуулахаа ч албаныхан мэдэгдлээ.
Зуны засвар, шинэчлэлийн хүрээнд зөвхөн дулааны бус, цэвэр усны шугам, цахилгааны кабелийг ч солих талаар Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас “Хотын 370 км дулааны шугам сүлжээний 90-100 км орчмынх нь насжилт хэтэрлээ. Үүнээс гадна орон сууцын хороолол дундах халаалтын 1223 км шугамын 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Тиймээс хэсэгчлэх бус, гол магистрал шугамуудыг иж бүрнээр нь солино” гэж мэдээллээ. Засварын ажлын хугацаанд буюу энэ сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл орон сууцуудын айл өрхийн хэрэглээний халуун усыг байршлаас нь хамааруулан 10-20 хоног, зарим хэсгийг нь түүнээс ч урт хугацаагаар хязгаарлахыг дээрх байгууллагуудаас мэдэгдлээ. Нийслэлчүүд арай гэж утааны улирлаас салж, урин дулаан цагтай золгохоор халуун усны хязгаарлалтад өртдөг үе ийнхүү эхэллээ.