Төр, засаг иргэдийг мод тарихад, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахыг уриалж буй ч харьяа байгууллагууд нь үүний эсрэг үйл ажиллагаа явуулж байна уу гэлтэй байгальд халтай үйлдэл гаргах болов. Холбогдох албаны хүмүүс дулааны шугам засварын ажилтай холбогдуулан Бага тойрог дахь нийтийн эзэмшлийн гудамжинд байсан том моднуудыг “хяргаж”, хожуул болгосон нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна. Энэхүү үйл явдал Бүх нийтийн мод тарих үндэсний өдөртэй давхацсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Бухимдсан иргэд “Манай улс тэрбум мод тарих бус, тайрах хөтөлбөр хэрэгжүүлж байна” хэмээн шүүмжлэлтэй хандлаа.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өчигдөр хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл өгөхдөө “Тухайн газарт 10 гаруй мод байсан бөгөөд үндэснээсээ илжирснийг нь 5-6 жилийн өмнөөс тайрч эхэлсэн юм билээ. Бага тойрог дахь магистраль шугамыг өргөтгөх, засах ажилтай холбогдуулан сүүлд дахин долоон мод тайрсан. Тус хэсэг дэх шугам хоолой өнгөрсөн хугацаанд таван удаа хагарсан тул зайлшгүй засварлах шаардлагатай. Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр, Эрчим хүчний яамны захиалгаар хэрэгжүүлж буй. Бид хяналт тавин ажиллаж байгаа. Хотын захиргааныханд мэдэгдэлгүй газар ухах, зам хуулах үндэслэл байхгүй. Энэ асуудлыг сөхөх нь зөв ч долоон модны асуудлаар нийгмийн анхаарлыг сарниулж байгаагийн цаана барилгын компаниуд ямар ч зөвшөөрөлгүйгээр газар хөндөж, зуу, зуун мод устгаж байна” гэв. Үүний цаана Чингэлтэй дүүрэгт оршин суудаг 9000 гаруй өрх, 700 аж ахуйн нэгж, 50 мянган хүнийг дулаан, цэвэр ус, цахилгаанаар хангах асуудал хөндөгдөж буйг ч дурдлаа.
Харин олон нийт энэ тайлбарыг “хүлээж авсангүй”. Мэргэжлийн хүмүүс ч үгүйсгэж байна. Ой судлаач Н.Ганбаяр “50-иас дээш жилийн насжилттай моднуудыг тайрсан гэж байгаад итгэх арга алга. Үнэхээр тийм байсан бол тэдгээрийг яагаад шөнө оройн цагаар авч хаяв. Энэ нь “но”-той санагдаж байна. Зам, барилга, шугам засварын ажлын талбайд мод байгаа тохиолдолд өөр газарт шилжүүлэн суулгадаг. Харин манай хотынхон шилжүүлэн суулгах боломжгүй хөгшин, үхсэн гээд шөнөөр ачаад явчихдаг. Яг тухайн хэсэгт магистраль шугам байдаг уу, үгүй юү гэдэг нь ч эргэлзээтэй” гэсэн юм. Харин “Миний клуб”-ийн үүсгэн байгуулагч Д.Сэрдарам Улаанбаатар хот нэгэн цагт 20-иос дээш настай модоо тоолж, үндсэн хөрөнгөдөө оруулдаг журамтай байсан бол сүүлийн үед барилгажилтын нөлөөгөөр хөгшин моднуудаа хядаад дуусаж буйг хэлэв.