Архангай аймгийн ЗДТГ түүхэн ойгоо угтсан “Архангай-100” арга хэмжээний хүрээнд “Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форумыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, эл хоёр салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаа олон нийтэд тайлагнасан байна. Архангайчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод ургуулах зорилт дэвшүүлж, энэ оны байдлаар 523 мянган бут, сөөг тарьжээ. Хогийн цэг байсан найман га газарт ногоон төгөл байгуулахаар төлөвлөснөө форумын үеэр эхлүүлсэн аж. Түүнчлэн аймгийн хэмжээнд доройтсон гэж үнэлэгдсэн 40 000 га талбайд шавж устгал хийхэд шаардлагатай зардлыг БОАЖЯ-наас бүрэн шийдэхээр болсон гэнэ.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийг хамгийн өндөр хувиар төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулдаг цөөн аймгийн нэг нь Архангай. Цаашдаа ч энэ үзүүлэлтээ сайжруулж, байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхээ холбогдох албаны хүмүүс тэмдэглэжээ. 2022 оны байдлаар 25.27 га газарт техникийн, найман га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн аж. Тус аймгийнхан “Монголд зочлох жил” санаачилгыг дэмжин, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэ зун 17 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд зориулж ирэх долдугаар сарын 1 гэхэд томоохон цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм байна. Өнгөрсөн жил арын сайхан хангайд гадаад, дотоодын 168 мянга гаруй жуулчин аялсан бол 2023 онд 285 мянгад хүрнэ гэж тооцоолжээ. Форумын үеэр бас нэг онцгой үйл явдал болсон нь Эрдэнэ булган сум нийтийн тээвэрт цахилгаан автобус явуулж эхэлжээ. Үүнийг “Голомт банк”-ны ногоон зээлийн санхүүжилтээр “Нутаг хүнс трейд” компани “Эмсиипартнерс”-аас нийлүүлжээ. Ингэснээр Архангай цахилгаан автобус хэрэглээнд нэвтрүүлсэн анхны аймаг болсон гэнэ.