“Ногоон хот-иргэний оролцоо” уриатай 2023 оны хаврын мод тарих арга хэмжээний нээлт өнгөрсөн бямба гарагт буюу Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болов. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагууд эл өдөр нийслэлийн найман байршилд тогтоосон хуваарийн дагуу мод тарьсан бол иргэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр орууллаа. Ойн газрынхан мод тарих санаачилгад сайн дураар нэгдсэн төрийн байгууллагынханд 23 300 тарьц, суулгац үнэгүй олгож, тогтоосон байршлууддаа тариулж байгаа бол “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийнхэн 100 гаруй аж ахуйн нэгж, 3000 иргэний захиалгаар 10 төрлийн 10 мянга орчим тарьц, суулгац бэлтгэж, цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр суулгуулж буйгаа мэдээлэв. Мод тарих арга хэмжээг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан өргөн хүрээнд зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Ойн газар, нийслэлийн ЗДТГ-ынхан хариуцан ажиллаж байна. “Ногоон хот-иргэний оролцоо” арга хэмжээг энэ сарын 11-19-нд өрнүүлэхээр болсон. Тэгвэл энэ хугацаанд заасан байршлуудад мод тарих төрийн байгууллагынхныг ойн инженер, мэргэжилтнүүд 11.40-13.40, 13.00-14.00, 14.00-16.00 цагт хүлээн авч байгаа аж. Түүнчлэн Ойн газраас гэр хорооллын айлуудыг хашаандаа мод тарихыг, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчмынхоо газрыг “ногооруулахыг” уриалсан юм.
Бэлтгэсэн: Ж.Гантиг