Яармагийн нүхэн гарц өнгөрсөн бямба гарагт дахиад л эвдэрч, тухайн хэсгийн замын ачаалал нэмэгдэн, түгжрэлд автав. Арай гэж нүхэн гарцыг нээсэн ч долоо хонолгүй асуудал үүсэж, хаахад хүрсэн гэнэ. Энэ талаар иргэд “Дахиад зам хааж, Яармагийн нүхэн гарцыг ухаж засаж байх шиг”, “Яармагийн нүхэн гарц хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх нь. Том бүтээн байгуулалт биш, нүхэн гарц шүү дээ. Мэргэжлийн хүмүүст даатгаж, чанартай, хурдан хийдэг болоосой” гэх зэргээр бухимдлаа илэрхийлэв. Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих ажлыг өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нд эхлүүлж байсан билээ.
Эл гарцын дотор заслын ажил нь бүрэн дуусаагүй байхад буюу өнгөрсөн сарын 1-нээс иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээсэн. Гэтэл нээгдээд удаагүй байхдаа л асуудал дагуулж, усанд автсан юм. Замын хажуугийн газар доорх дулааны шугамаас халуун ус алдаж, нүхэн гарц руу орсон, улмаар халуун усанд эвдэгдсэн хэсгийг засах ажил бас нэмэгдсэн гэж албаныхан тухайн үед мэдээлж байсан бөгөөд арайхийн нээсэн ч дахиад л хаачихлаа. Цахим сүлжээнд иргэдийн байршуулсан зургаас үзвэл гарц бас усанд автжээ. Ийм маягаар “Гарцыг ашиглалтад орууллаа, эвдэрлээ, хаалаа” гэх мэдээлэлд иргэд бараг “дасав”. Ганц нүхэн гарцыг бүрэн ашиглалтад оруулж чадахгүй бүтэн жил тойрч байгаа хотын удирдлагаас бид юу хүлээх вэ.