Зохиолч Н.Эрдэнэбатын бүтээл “Тайгын эзэн” уран сайхны киног эгэл даруухан, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд чин сэтгэл зориулан ажиллаж байгаа Байгаль хамгаалагчдад зориулан бүтээжээ.
Эх болсон байгалиа хайрлан хамгаалахыг хүн бүр ухамсарлан ойлгох хэрэгтэй. Байгалийн баялагт шунах сэтгэлээр хандвал эргээд үйл нь өөрт нь ирнэ гэдгийг уран бүтээлдээ онцлохыг зорьсноо зохиолч хэлж байлаа.
Түүний авга ах 30 орчим жил байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа бөгөөд байгаль хамгаалах үйлсэд зөвхөн тухайн байгаль хамгаалагч бус түүний гэр бүл, төрөл садан гээд цөм оролцдог. Эх дэлхийг хайрлах сэтгэлтэй болсон байдгийг тодотгов.
“Тайгын эзэн” киноны зохиолыг 2 жилийн өмнө бичсэн бөгөөд нийгэмд байгаль хамгаалах сэтгэлзүйг бий болгох, хүн байгаль харилцан шүтэлцээг таниулж, байгаль хамгаалагчийн ажил үүргийг тодотгон гаргахыг зорьжээ.
2014-2023 оны хугацаанд нийт 73 байгаль хамгаалагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт халдлагад өртөж, 4 нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.
Нээлтийн ёслолд кино багийн уран бүтээлчид, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга, Хан-Хэнтийн нурууны УТХГ, Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын байгаль хамгаалагчдын төлөөлөл болон Монголын байгаль хамгаалагчдын холбоо ТББ-ын тэргүүн оролцлоо.