Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Үүний хүрээнд энэ сарын 5-ны байдлаар 21 байршилд 282 гарааш чөлөөлжээ. Нийт 132 байршилд 2355 гарааш чөлөөлөх бөгөөд нийт талбайн хэмжээ 5251 ам метр юм.
Мөн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах үүрэг өгсөн. Нийт 132 байршилд 135.4 га талбайд арчлалт хийхээс “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбайд, хувийн хэвшлийн ойн мэргэжлийн 21 байгууллага 88 байршлын 89 га талбайд арчилгааг арго технологийн дагуу гүйцэтгэнэ. Тодруулбал, 20 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт хийж, 512 мянган цэцэг, 95 мянган бут сөөг, 2100 шилмүүст мод, 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ. Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийнэ.
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН 11 АЖИЛ ХИЙНЭ
Хан-Уул дүүрэгт хийж байгаа ажлуудын мэдээллийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өгөв. Тус дүүргийн хувьд энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд 360 гэрэлтүүлэг, Нисэхийн бүсэд 220 камер суурилуулна. Түүнчлэн тулгамдаж буй асуудлаа хэлсэн бөгөөд ногоон байгууламж сүйтгэж, барилга барихаар санаархаж байгаа компаниудыг танилцууллаа. Хотын дарга нийслэлээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгааг онцлоод, тус компаниудад хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Тус дүүргийн 17, 23, 24 дүгээр хороонд улсын сургууль, цэцэрлэг байдаггүй. Иймээс дүүргийн удирдлагууд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдвэрлэхийг хүслээ. Хотын дарга төсөвт суулгахаар судалж, танилцуулахыг үүрэг болгосон юм.
ТҮР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БАЙРШЛЫГ ТОГТООЖ БАЙНА
Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил, ажлын явцын талаар хотын дарга дүүргийн Засаг дарга нараас тодрууллаа. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт энэ чиглэлээр Ажлын хэсэг гарч, гурван цэг байгуулахаар болжээ. Багануур дүүргийн тухайд түр худалдаа, үйлчилгээ эрхлэх хоёр цэг байгуулахаар төлөвлөсөн бол Налайхад гурван байршил баталсан байна. Багахангай дүүрэг дөрвөн байршлыг тогтоож, одоогийн байдлаар хоёрт нь үйл ажиллагаа явуулж буй. Баянгол дүүрэг дөрвөн байршил гаргасан бөгөөд бэлтгэл ажлаа хангаж байгаа, одоогоор худалдаа эрхлээгүй гэсэн бол Баянзүрхийнхэн иргэдтэй уулзаж, санал авч буй гэлээ. Харин Сүхбаатар дүүргийн тухайд 15 иргэнд түр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүрэгт ажлын хэсэг гарч, түр худалдаа, үйлчилгээ эрхлэх 15 байршил гаргаж, ил задгай худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүсийн судалгаа авч, зургадугаар сарын 1-нээс үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөжээ. Хан-Уул дүүргийн хувьд хоёр байршил гаргасан, үйлчилгээг тавдугаар сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Хотын дарга дүүргийн удирдлагуудыг иргэдтэй уулзаж, хамтран ажиллаж, зөвшилцөлд хүрч ажиллах хэрэгтэйг хэлж байв.
Зуслангийн бүсийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Зуслангийн 26 аманд төлөвлөлт хийхээс дөрвөн амны төлөвлөлтийг дуусгасан. Үлдсэн төлөвлөлтийг долдугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 2000 оноос хойших нийслэлийн Засаг даргын 2398 захирамжийг нээлттэй болгох ажил үргэлжилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүргүүлсэн” хэмээв.
Нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох, цагийн хуваарь, зуслангийн чиглэлийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Зуслангийн зургаан чиглэлд 45 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Тавдугаар сарын 26-наас гурван чиглэлд 15 автобус нэмж явуулахаар төлөвлөсөн” хэмээв.