Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд энэ хавар Улаанбаатар хотын найман байршилд иргэд, төрийн байгууллагынхнаар мод тариулахаар болсон. Тэгвэл тус газрынхан хотоо “ногооруулах” санаачилгад нэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй олгохоор зургаан зүйлийн навчит болон шилмүүст модны 23 300 тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Урьдчилсан тооцооллоор Бумбатын булаг орчимд 1000, Айцын аманд 2000, “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газарт тус бүр 3000, “Ногоон хэрэм” төслийн талбайд 4000, “Инчон мөрөөдлийн төгөл”-д 5000, “Баянгол”, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 5300 мод, сөөг тариулахаар төлөвлөсөн байна.