Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, “Оргил” худалдааны төвийн дэргэдэх ногоон байгууламжийг хашиж, барилга барих зорилгоор моднуудыг сүйтгэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртлөө. “Ерөнхийлөгч нь тэрбум мод тарина гэж санаачлаад байхад зарим нь эсрэгээрээ моддыг дураараа устгаж байдаг. Ганц мод хүртэл тайрахад хайран” зэргээр олон нийт цахим орчинд иргэд бухимдлаа илэрхийлсээр байна. Тухайн газарт хоёр хашааг хаяа нийлүүлэн татжээ. Газрын эзэмшигч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” ХХК аж. Харин тус газарт орших ногоон байгууламж нь нийслэлийн өмчид тооцогддог. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлээс тус компанид ногоон байгууламж хөдөлгөх зөвшөөрөл өгөөгүй бөгөөд “Камдер”-аас төлбөр нэхэмжилж, торгуулийн арга хэмжээ авах албан шаардлага хүргүүлсэн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өчигдөр мэдэгдсэн юм.
Шөнө моддыг сүйтгэсэн нь
Үүний хүрээнд ямар арга хэмжээ авч байгааг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Д.Ганболдоос тодруулахад “Оргил”-той залгаа байршилд хоёр ч хашаа бий. Хоёулаа асуудалтай, холбогдох хууль, журмыг зөрчсөн. Хотын ногоон байгууламж дахь таримал моднуудыг нийслэлийн ИТХ-ын 2007 оны 18 дугаар тогтоолоор тоолж, нийслэлийн өмчид бүртгэдэг. Үүний дагуу дээрх ногоон байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэсэн. Бүртгэсэн ногоон байгууламж бүрт үнэлгээ тогтоон, устгасан бол буруутай этгээдүүдэд нөхөн төлбөр тавьж, торгуулийн арга хэмжээ авдаг. Эсвэл шилжүүлэх шаардлагатай бол үнэлгээ хийж, хэдий хэмжээний нөхөн төлбөр тооцохыг шийдвэрлэх ёстой. “Оргил шилтгээн”-ий урд талд том хашаа бий. Энэ нь “Камдер”-ын татсан хашаа. Дотор нь дүүрэн мод байсныг устгасан. Экологийн цагдаагийн албанаас манайд хэрэг бүртгэлтийн материал ирүүлсний дагуу бид шалгасан. Тус компани ногоон байгууламжид үнэлгээ тогтоолгоод, 66 сая төгрөгийн хохирлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дансанд 2022 онд төлсөн учир бид үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн тайлбар өгөөд байгаа. Манай байгууллагаас албан ёсоор Захирагчийн ажлын албанд хандан, энэ талаар гаргасан шийдвэрээ ирүүлээч гэсэн хүсэлтээ албан бичгээр хоёр удаа явуулсан. Одоо хариугаа хүлээж байна. “Камдер” компанийн хашааны цаад талд дахиад хашаа татсан, одоо дотор нь нүх ухаж байна гэсэн. Уг хашаан дотор таримал мод цөөнгүй бий. Яамнаас мэдээлэл ирүүлсний дагуу өнөөдөр (өчигдөр) манайх байцаагч томилж, газар дээр нь ажиллуулсан. Тэнд ажиллах хугацаандаа мод гэмтээж үү, нүүлгэж үү, эсвэл устгав уу гэдгийг тогтоох учиртай. Үүний дагуу бид буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах саналаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ” гэлээ.