ЦУОШГ-аас сэрэмжлүүлэг хүргэлээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Монгол орны баруун бүс буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нийт нутгаар бороо, уулархаг хэсгээр их хэмжээний цас орсон. Хур тунадасны нийлбэр үзүүлэлтээр Ховд аймгийн Манхан сумд 41.9, Ховдод 39.9, Дуутад 35.4, Жаргалантанд 32.3, Баянхонгорын Баянцагаанд 33 мм бороо, цас орсон нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Өнөөдрөөс баруун аймгуудад агаарын температур тогтмолжиж, дулаарах тул Алтайн уулархаг нутгаар орсон цас хайлж, их хэмжээний үер буух эрсдэлтэй гэнэ. Иймд цаг уурчид дээрх бүсэд суурьшин амьдарч буй иргэдийг уруйн болон шар усны үерээс сэрэмжлүүлэв. Түүнчлэн хуурайшилтын үе тохиож буйтай холбогдуулан түймрийн аюулаас болгоомжлохыг санууллаа. Увс, Ховдын хойд болон баруун, Булган, Архангайн зүүн, Завханы хойд хэсгээр хуурайшилтын зэрэг аюултай, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв аймаг болон нийслэлийн нийт нутгаар дунд түвшинд буй аж. Тиймээс иргэдийг аялж зугаалахдаа, ногоон бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.