Зуун айл дахь барилгын материалын захыг нүүлгэнэ гэж 2018 онд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан амлаж байлаа. Үүний хүрээнд тэрбээр газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, худалдаачидтай ч уулзаж, зөвшилцөх гэх мэт үйл явдал хөвөрч байв. Түүнээс хойш таван жил өнгөрч, С.Амарсайхан тушаал дэвшин, Засгийн газарт “заларч”, Шадар сайд болжээ. Харин Зуун айлын зах бахь байдгаараа. Холбогдох албаныхан, захын худалдаачид, тэр битгий хэлэрхэм сайд өөрөө ч одоо нүүлгэнэ гэсэн амлалтаа мартсан бололтой. Нийслэлийн одоогийн Засаг дарга Д.Сумъяабазар ч захыг нүүлгэх үү, үгүй юү, ер нь цаашид яах вэ гэдэгт дорвитой шийдвэр гаргалгүй өдий хүрлээ.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргатай уулзахад “Өмнө нь яригдаж байсан асуудлууд хэвээрээ. Бид Зуун айлын захыг цэгцлэх, нүүлгэх чиглэлээр холбогдох байгууллагуудад хүсэлтээ байнга уламжилж ирсэн. Иргэд ч ийм санал, гомдол ирүүлдэг. Ялангуяа нийтийн эзэмшлийн зам, талбайд бараа, бүтээгдэхүүнээ тавьж борлуулдгийг иргэд ихэд эсэргүүцэж, шүүмжилдэг. Харин хогны асуудал цэгцэрч, өдөр бүр ачиж тээвэрлэдэг боллоо” хэмээсэн юм.
Таван жилийн өмнө С.Амарсайхан Зуун айлын захыг гурван үе шаттайгаар нүүлгэнэ гэж байв. Тухайн үеийн төлөвлөгөөг үзвэл хэрэгжүүлэх ажил нь эхний шатнаасаа ч ахиагүй буюу дорвитой зүйл хийлгүй байсаар мартагджээ. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас ер нь дээрх шийдвэр одоо хүчин төгөлдөр, эсэхийг лавласан юм. Тэрбээр “2019 онд энэ асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн ИТХ-аас Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт би гишүүнээр орж байлаа. Тухайн үед Авто замын хөгжлийн газар, МХЕГ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг бүрдүүлсэн юм. Ингээд Зуун айлын эхний буудлын Цагдаагийн гудамжийг өргөтгөн, явган хүний зам тавьсан. Барилгын 44 үйлдвэрийн үйлажиллагааг зогсоож байлаа. Тэдгээр үйлдвэрийг Налайх дүүрэг дэх Барилгын материалын үйлдвэр, технологийн парк руу нүүлгэх шийдвэр хүртэл гаргасан. Тухайн үед МХЕГ-аас гадаа талбайд худалдаа эрхлэгчдийг шалгаж, цемент, шохой, мод, төмөр зарах, чингэлэг тавих зэргийг хориглосон юм. Уг ажилд хяналт тавих үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан болон холбогдох бусад байгууллагынхан хариуцах ёстой. Цаашид Зуун айлын бүсэд орон сууцын хороолол бий болгохоор шаардлагатай ажлуудыг шат дараатай хийж байгаа. Агуулах эзэмшиж байгаа болон газраа өмчилсөн айлууд дахин төлөвлөлтөд хамрагдаад, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлж буй. Бусад ажлын талаарх мэдээлэл надад алга” гэв.
“БИД ДОВЖООНООС ЦААШ ГАЗАРГҮЙ БОЛСОН”
Барилгын материалын зах өдгөө хэрхэн үйл ажиллагаа явуулж байна вэ, орчин тойрныг нь үнэхээр цэгцэлсэн үү, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж байгаа, эсэхийг бид сурвалжиллаа. Ажлын өдөр, цайны цагаар Зуун айлын авто зам харьцангуй ачаалал багатай, худалдааны төвүүд хүн цөөтэй байв. Замын баруун талд томоохон “Одкон”, “Жоби”, “К”, “Атлас”, “Ама”, “Зөгийн үүр” зэрэг 20 орчим худалдааны төв, тэдгээртэй залгаад жижигдүү барилгууд зайгүй шахам байрласан нь эндхийн худалдаа, үйлчилгээ өмнөхөөсөө улам нэмэгдсэнийг илтгэнэ. Замын зүүн хэсэгт явган хүний зам дагуу илзадгай худалдаа эрхлэгчид шил, толь зүсэх үйлчилгээ үзүүлж, өвсөн шүүр, вакум цонх зэргийг зарахаар тавьсан нь Зуун айлын хуучны дүр төрх өөрчлөгдөөгүй, хэвээрээ гэдгийг илэрхийлнэ. Бас томоохон худалдааны төв хэд хэд нэмэгдсэнийг шинэлэг хаягууд нь харуулж байлаа.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн урд хэсэгт 8-9 давхар шинэ барилга барьж байгаа аж. Хажуугийнх нь дэлгүүрийн худалдагчаас энэ ямар зориулалттай барилга болохыг лавлавал “Барилгын материал худалдах төв юм гэсэн” хэмээн хариулав. Сайн ажиглавал энэ хавийн хуучин барилгуудыг нураагаад, шинээр илүү том байшингууд барьжээ. Зам даган хойш явахад харин хуучны жижиг барилга, худалдааны төвүүд байдаг л янзаараа харагдав. Тэдгээрийн нэг “Алтан шагай” худалдааны төвийн түрээслэгч “Энд 10-аад жил худалдаа эрхэлж байна. Дэлгүүр нь улам олшроод, борлуулалт багассаар байгаа. Гудамжинд ил задгай худалдаа эрхэлдгийг л зогсоомоор байна. “Ковид”-ын үеэр үүнийг бага зэрэг цэгцэлсэн. Харин одоо буцаад өмнөх шигээ боллоо. Өмнөхөөсөө олширсон ч байж мэднэ. Ачаа зөөж, иргэдэд үйлчилдэг дунд оврын машинуудыг жолооч нар нь дэлгүүрийн үүдэнд байрлуулчих юм. Өөрөөр хэлбэл, худалдан авагчийн орж ирэх замыг хаагаад зогсчихдог. Бид довжооноос цааш газаргүй болсон” хэмээн ярилаа.
“Жоби” дэлгүүрийн баруун талын гудамжинд нийтийн байрны зориулалттай долоон барилга бий. Тэдгээрийн голд 24 дүгээр цэцэрлэг байрладаг аж. Тус цэцэрлэг үндсэндээ шаардлага хангахгүй агуулах, нийтийн байруудаар хүрээлүүлжээ. Түүнчлэн том оврын машинууд байнга сүлжилдэх нь хүүхдүүд тун эрсдэлтэй орчинд сурч хүмүүжиж байгааг илэрхийлнэ. Ойр орчмын хүмүүс “Эдгээр байранд хүн амьдрах боломжгүй, ихэнхийг нь агуулах хэлбэрээр ашигладаг. Цөөхөн хүн л амьдардаг байх” гэсэн мэдээлэл өгсөн
“БАРИЛГЫН ЗАХЫГ НҮҮЛГЭХ НЬ ХУДАЛ”
Зуун айлын замын баруун талд, “Милхауз” худалдааны төвийн гаднах явган хүний зам дээр 4-5 ТҮЦ байрлуулсан тун замбараагүй харагдав. Үүний хоёр нь явуулын хоолны цэг, нэг нь сүүн зайрмагны ТҮЦ байв. Ойролцоох нэгэн дэлгүүрийн гаднах хананд 15-20 хаяг хадсан бас л эмх цэгцгүй харагдлаа. Тодруулбал, “Цалам” гэх гурван давхар худалдааны төвд сантехникийн хэрэгсэл, ханын цаас, жааз, гэрэл абажур, цахилгаан хэрэгсэл худалдах дэлгүүрээс гадна валют солих үйлчилгээ, цайны газар зэрэг олон хаяг байв.
Өмнөхөөс арай дээрдсэн, сайжирсан зүйл гэвэл Зуун айл орчмын хог, тоос шороо нь харьцангуй багасжээ. “Зөгийн үүр” худалдааны төвийн дэргэд зогсож буй ачааны машины жолооч үүнийг тодотгож “Нэг үеэ бодвол захыг арай цэгцтэй болгож, өөрчилж байгаа. Гаднах хогоо цэвэрлэхийг хорооноос өдөр болгон сануулж, хогны машин ч өдөр өнжихгүй ирдэг. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч, эргүүлүүд идэвхтэй ажилладаг. Энд ажиллаж хоолоо олж идэж байж хэцүү гээд яах вэ дээ. Энэ гудамжинд айл бараг байхгүй. Бүгд шахуу агуулах болсон” гэж өгүүлсэн. Мөн “Сүүлийн хоёр жилд нэмээд хэд хэдэн том барилга барьсан. Бүгд л барилгын материалын худалдааны төв. Тиймээс захыг нүүлгэх ч өнгөрсөн байх аа” гэх хүнтэй ч таарав. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргатай уулзахад “Өмнө нь яригдаж байсан асуудлууд хэвээрээ. Бид Зуун айлын захыг цэгцлэх, нүүлгэх чиглэлээр холбогдох байгууллагуудад хүсэлтээ байнга уламжилж ирсэн. Иргэд ч ийм санал, гомдол ирүүлдэг. Ялангуяа нийтийн эзэмшлийн зам, талбайд бараа, бүтээгдэхүүнээ тавьж борлуулдгийг иргэд ихэд эсэргүүцэж, шүүмжилдэг. Харин хогны асуудал цэгцэрч, өдөр бүр ачиж тээвэрлэдэг боллоо” хэмээсэн юм.
24 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ АГУУЛАХААР ХҮРЭЭЛҮҮЛЖЭЭ
Зам дагуух хэсгийг ажиглаж явахад хэд хэдэн газарт хүмүүс хөзөр тоглож байгаа харагдсан. Үйлчлүүлэгч хүлээсэн худалдаачид, эсвэл ачаа зөөгч иргэд бололтой. Хэдхэн жилийн өмнө гэр хороолол байсан гудамжинд очиход агуулах болон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байлаа. Ойр орчимд нь хатуу хучилттай зам байхгүй тул автомашины хөдөлгөөнөөс улбаалан энд шороо тоос ихсэж, явган явахад хүндрэлтэй санагдав.
“Жоби” дэлгүүрийн баруун талын гудамжинд нийтийн байрны зориулалттай долоон барилга бий. Тэдгээрийн голд 24 дүгээр цэцэрлэг байрладаг аж. Тус цэцэрлэг үндсэндээ шаардлага хангахгүй агуулах, нийтийн байруудаар хүрээлүүлжээ. Түүнчлэн том оврын машинууд байнга сүлжилдэх нь хүүхдүүд тун эрсдэлтэй орчинд сурч хүмүүжиж байгааг илэрхийлнэ. Ойр орчмын хүмүүс “Эдгээр байранд хүн амьдрах боломжгүй, ихэнхийг нь агуулах хэлбэрээр ашигладаг. Цөөхөн хүн л амьдардаг байх” гэсэн мэдээлэл өгсөн. Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Баасанжаргалаас нөхцөл байдлыг тодруулахад “Манай цэцэрлэгт хүндрэл учруулж байгаа зүйл цөөнгүй. Жишээ нь, нийтийн эзэмшлийн газрыг автомашины зогсоол хэлбэрээр ашигладаг. Хогийн цэг нь байнга өдөртөө дүүрдэг. Эндхийн нийтийн байруудыг Зуун айлын барилгын материалын дэлгүүрийн эзэд худалдаж аваад, агуулах болгон ашигладаг гэж сонссон. Байруудын үүдэнд ачааны том оврын машинууд байнга ирж, буцдаг. Барилгын материал буулгаж, зөөж оруулдаг юм. Хүүхдийн аюулгүй байдал талаасаа нэлээд хүндрэлтэй” гэлээ.
ХЯНАЛТ СУЛАРЧЭЭ
Барилгын материалын захын нэг хэсэг нь харьяалагддаг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Б.Эрдэнэбулгантай уулзлаа. Тэрбээр “Зуун айлын барилгын материалын захыг дагасан асуудал, хүндрэлтэй зүйл мэдээж олон. Мэргэжлийн хяналтын байгууллагыг энэ жилээс татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор захын хяналт суларлаа. Манай хорооны нутаг дэвсгэрт барилгын материалын үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй газар харьяалагддаг. Ялангуяа Зуун айлын захын төвлөрсөн томоохон худалдааны төвүүд манай хорооны нутаг дэвсгэрт түлхүү байрладаг юм. Эдгээр нь нүүх бус, харин ч сүүлийн үед үйлажиллагаагаа улам өргөжүүлэх шинжтэй байгаа. Төвүүдийн эзэд нь энэ хавьдаа газар худалдаж аваад, объект барьж, худалдааны төв болгосон. Бас хуучны, хүн амьдрах боломжгүй, дахин төлөвлөлтөд оруулах ёстой орон сууцуудын 90 хувийг нь агуулах болгочихлоо. Нийтийн эзэмшлийн газрууд машины зогсоол, агуулах, хогийн цэгээр дүүрлээ. Зөвшөөрөлгүй 10-аад чингэлэг авчирч тавьсныг нь буцаан ачуулсан. Гэтэл оронд нь өөр газрынхан чингэлэг авчраад тавьчих жишээтэй” гэж ярьсан юм.
Зуун айлын барилгын материалын захын нөхцөл байдал нэг иймэрхүү. Бодит байдлыг харвал тус зах нүүх бус, харин хаяагаа улам тэлсээр байна.