Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Барилгачдын талбайд жил бүр мод болон үрслэгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан энэ жилийнхээ үзэсгэлэн худалдааг тус газраас нээжээ. Үүнд 30 орчим аж ахуйн нэгж, иргэн оролцож, олон төрлийн мод, цэцгийн суулгац, үрслэгээ борлуулж байлаа. Тэдгээрээс зарим бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллээс хүргэе. Улаан агч модны нэг суулгац 30 000 төгрөгийн үнэтэй. Цээнэ цэцгийн модны 2-3 метрийн өндөр суулгац 80 000 төгрөг аж. Паркийн модлог сарнайн үнэ 70 000 төгрөг. Энэ нь гурван метр өндөр ургадаг гэнэ. Түүнчлэн тоор болон давжаа алимны модны суулгац тус бүр нь 45 000, нэрснийх 80 000, үхрийн нүд, тошлойнх 25 000, усан үзмийнх 50 000 төгрөгийн үнэтэй байлаа. Жимсний моднуудаас хамгийн эрэлттэй нь чавга болон лийрийн суулгац гэдгийг борлуулагч аж ахуйн нэгжийнхэн хэлсэн. Худалдан авагчдын тухайд тэдгээр модыг хэрхэн арчлах, сортууд нь ямар ялгаатай зэргийг тодруулж байв.
Үзэсгэлэн худалдаанд оролцож буй“Сэлэнгэ мод” компанийнхан борлуулсан мод нь ургахгүй бол шинийг өгнө гэсэн нь анхаарал татав. Тус компанийнхан хойд хөршөөс 50 гаруй төрлийн гоёлын болон жимсний мод, цэцгийн суулгац оруулж ирдэг аж. Мөн талбайн цэцэг болон зүлгийн үр борлуулдаг юм байна. Зүлгийнүр 300 гр нь 15 000 төгрөгийн үнэтэй. Энэ нь 10 ам метр талбайд тарихад хүрэлцээтэй гэнэ. Үүнээс гадна “Хайтан агро гарден” компанийн асарт очиход ихэнх суулгацын үнэ өмнөх жилийнхтэй адил, харин гоёлынхыгнь10 хувиар нэмсэн гэдгээ тайлбарлалаа. Тухайлбал, гурван настай бүйлсний модыг 15 000, үхрийн нүднийхийг 50 000, улаан интоор болон гацуурыг 25 000 төгрөгөөр худалдаж байв. “Мөнхийн түшиг уул” компанийнхны хувьд хайлаас, монос, өрөл, үхрийн нүдний мод эрэлттэй байгааг дурдлаа.